ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн нутагт 16 зүйл унаган ургамал ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-03-03 07:27:13

Есөнбулаг, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Дэлхийн байгалийн зэрлэг ургамал хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. 


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын 03-ны өдрийг “Дэлхийн байгалийн зэрлэг ургамал хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг баталжээ.


Говь-Алтай аймгийн нутагт 16 зүйл унаган ургамал ургадаг байна. Үүнд, монголчуудын хялгана, говийн зорлог, дэрэн ажигана, потанины толь өвс, монгол хамбий, хойрог харгана, монгол хунчир, шивүүрт ортууз, монгол сүүт өвс, монгол догар, говийн ганга, потанины улаан тулам, монголчуудын тост, говийн шарилж, алтан шар шарилж, монгол хувилгана зэрэг унаган ургамлууд багтдаг.


Тус аймгийн хэмжээнд нийт 506 зүйлийн ургамал тархсанаас 70 зүйл нь эмийн, 39 зүйл нь хүнсний, 331 зүйл нь тэжээлийн ургамал байна. Үүнээс гадна гоёл чимэглэлийн 10, техникийн 12, ахуйн бусад хэрэглээний ургамал давхардсан тоогоор 60 зүйл бүртгэгджээ.


Сонирхуулахад, газрыг ургамалжуулах зориулалттай 36 зүйл, хорт 8 зүйл ургамал тогтоогдсон байна. Мөн Улаан номд бүртгэлтэй нэн ховор 13 зүйл, бүртгэлгүй нэн ховор 16 зүйл, Улаан номд бүртгэлтэй ховор 5 зүйл, бүртгэлгүй ховор 19 зүйл ургамал байгааг тус аймгийн БОГ-оос танилцууллаа.

           

Харин Улаан номд бүртгэлгүй доод ургамлын төрөлд газрын хар үс (хуурай газрын замаг), эрхий цагаан мөөг зэрэг нь ховор ургамалд бүртгэгддэг байна.


Манай орны Төв Азийн гойд тогтоц, гарал үүсэлтэй газар, хөрсөнд дэлхийн хаанаас ч олддоггүй чухал ашигт ургамал ургадаг тул даяаршил, геополитик, зах зээлд өртөх эрсдэлтэй 129 зүйл ургамлыг улсын хэмжээнд бүртгэсэн бөгөөд үүний 55 зүйл нь тус аймагт ургадаг байна.


Тухайлбал, заг, чихэр өвс, лидэр, зээргэнэ, зэрлэг сонгино, хөмөл, зэгс /эгэл нишингэ/ гэх мэт. Эдгээр ургамлыг эм, хүнс, түлээ, тэжээлд бага хэмжээгээр ашигладаг ажээ.

Холбоотой мэдээ