ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 27 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2026 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 2,3-нд зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд шалгалтад оролцохоор 90 хүн бүртгүүлсэн бөгөөд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байв. Үүнээс 69 хүн буюу 76.6 хувь нь шалгалтаа өгчээ. Нийт оролцогчийн 19 нь буюу 28 хувь нь эрэгтэй, 50 нь буюу 72 хувь нь эмэгтэй байв.
Насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны төлөөлөл 14 буюу 20.2 хувь, 26-40 насны төлөөлөл 40 буюу 57.9 хувь, 41-55 насны төлөөлөл 15 буюу 21.7 хувийг эзэлж байна.
Шалгалтад орсон 69 оролцогчийн 27 буюу 39.1 хувь нь тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.
Шалгалтыг зохион байгуулах салбар комисс, ажлын багт 10 албан хаагч үүрэг гүйцэтгэж, хариуцсан чиг үүргээ шуурхай биелүүлжээ. Шалгалтын явцад гомдол, санал, техникийн саатал, тасалдал гараагүй гэж Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.


