БАЯНХОНГОР: Төрийн албаны нөөцөд 9 иргэн бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-03 14:58:53

Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2026 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг Баянхонгор аймгийн ЗДТГ-т хуваарийн дагуу гурван ээлжээр зохион байгууллаа.

Шалгалт өгөхөөр аймгийн хэмжээнд 60 иргэн бүртгүүлснээс 40 иргэн оролцож, есөн иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу жилд дөрвөн удаа зохион байгуулж байгаа юм. Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60. Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн чадвар шалгалтыг шууд өгөх бөгөөд уг шалгалтад тэнцвэл мөн адил дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг үргэлжлүүлэн өгөх боломжтой болдог.

Өнгөрсөн онд Баянхонгор аймгаас 380 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 296 иргэн орж, ирц дунджаар 77.9 хувьтай байсан байна. Шалгалтад орсон 296 иргэнээс 109 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдсэн нь өмнөх онуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ.

Аймгийн хэмжээнд 183 төрийн байгууллагад 5462 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 15.8 хувийг эзэлж байна. Нийт төрийн албан хаагчийн 11.5 хувь нь төрийн захиргааны, 0.7 хувь нь төрийн тусгай, 3.4 хувь нь улс төрийн, 84.3 хувь нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Холбоотой мэдээ