ОРХОН: "Хангарьд" клубийн охидын баг мөнгөн медалийн эзэд боллоо
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын Футзаалын ордонд 3 өдрийн турш зохион байгуулсан “U12 охидын грассрүүт” футзаалын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо “Хараацай” клубтэй хамтран 12 хүртэлх насны охидын ангилалд зохион байгуулсан байна.
Грассрүүт гэдэг нь спортын суурь буюу анхан шатны түвшинд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, тэдэнд ур чадвар олгох, спортоор дамжуулан зөв хандлага, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөгжлийн үйл ажиллагааг хэлнэ.
Энэ удаагийн УАШТ-д 6 багийн 100 орчим тамирчин оролцож, Говь-Алтай, Орхон аймгийн баг, тамирчид өрсөлдлөө. Тэмцээн тойргийн журмаар явагдаж, тоглолтууд хоёрдугаар сарын 27-ны өдөр эхэлсэн бөгөөд өчигдөр шилдгүүдээ тодруулжээ.
Ахлах дасгалжуулагч Ц.Болдбаатар, туслах дасгалжуулагч Н.Эрдэнэбаяр нарын удирдсан “Хангарьд” клубийн баг мөнгөн медаль хүртэв. Орхон аймгийн охидын баг 4 ялалт, 1 хожигдолтойгоор тэмцээнийг дуусгаж, 17 гоол оруулан, 6 гоол алджээ. Түүнчлэн багийн довтлогч Ж.Цэцэгбаяр шилдэг тоглогчоор тодорсон байна.
Орхон аймгийн "Хангарьд" клубийн эрэгтэй, эмэгтэй футзаалын өсвөрийн тамирчид сүүлийн жилүүдэд тогтмол шагналт байруудад орсоор ирсэн бол энэ удаа охидын баг ийнхүү мөнгөн медалийн эзэд боллоо.



