Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааны талаарх улс орнуудын байр суурь, мэдэгдэл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2026-02-28 23:29:42

УЛААНБААТАР, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Израил, АНУ-ын цэргүүд Ираны хотуудад цохилт өгч, тус улсын эсрэг өрссөн цэргийн ажиллагаа эхлүүлснийг Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху мэдэгдсэний дараа уг ажиллагааны талаар дэлхийн улсуудын удирдагчид байр сууриа илэрхийллээ. Ингээд тэдний хийсэн мэдэгдэл, байр суурийг хүргэе.


“Хятад улс цэргийн ажиллагааг яаралтай зогсоож, хурцадмал байдал улам даамжрахаас сэргийлж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг, мөн Ойрх Дорнод дахь энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “өдөөн хатгаагүй байхад бүрэн эрхт, тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн улсын эсрэг урьдчилан төлөвлөсөн зэвсэгт түрэмгийлэл” гарсныг ОХУ буруушааж байна гэжээ. 


Уг мэдэгдэлд АНУ, Израилын ажиллагааг "бодлогогүй алхам", олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн "аюултай балмад явдал" гэж тодорхойлоод, АНУ ба Израил нь “их гүрний дээрэнгүй үзэлд захирагдахаас татгалзсан, өөрсдөд нь таалагдахгүй байгаа улсын үндсэн хуулийн байгууллыг нурааж, удирдлагыг нь устгахыг зорьж байна” гэж дурдсан байна.


Их Британийн Засгийн газраас гаргасан мэдэгдэлд, тус улс АНУ болон Израилын ажиллагаанд оролцоогүй гэдгийг онцлоод, бүс нутагт мөргөлдөөн цааш даамжирч, өргөжихгүй байхыг хүсэж байгааг дурджээ. Түүнчлэн Ойрх Дорнод дахь батлан хамгаалах чадавхаа саяхан бэхжүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэж, энэ нь зөвхөн тус бүс нутагт байгаа иргэдээ хамгаалах зорилготой гэж мэдэгджээ.


“Иранд цөмийн зэвсэг бүтээхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Тиймээс бид асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг үргэлж дэмжсээр ирсэн” гэж Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.


Германы Засгийн газар мэдэгдэлд, тус улс Иранд өгөх цохилтуудын талаар Израилаас урьдчилан мэдээлэл авсан байсныг дурджээ. Тус улсын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Канцлер Фридрих Мерц үүсээд буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Европын түншүүдтэйгээ холбоотой ажиллаж байгаа аж. Ф.Мерц ирэх долоо хоногт Вашингтонд Дональд Трамптай уулзах ёстой гэжээ.


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг уриалжээ. "Иран улс цөмийн зэвсэг болон тив хоорондын баллистик пуужин бүтээх хөтөлбөрөө зогсоож, “шударга хэлэлцээ” хийхээс өөр аргагүй гэдгээ ойлгох ёстой" гэж Э.Макрон мэдэгдсэн байна. 


Европын Холбооны дипломат албаны тэргүүн Кая Каллас Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар болон бүс нутгийн улс орнуудын бусад албаны хүмүүстэй ярилцсан гэдгээ мэдэгдлээ. “Европын Холбоо арабын түншүүдтэй хамт энэхүү мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэх боломжийг судалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 


Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд, тус улс Ираны энгийн иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгааг мэдэгдээд, иранчуудын иргэний болон улс төрийн эрхийг хүндэтгэхийг шаардсан байна.


Швейцарын Засгийн газар цохилт өгсөн тухайд “гүнээ санаа зовниж буйгаа” мэдэгдээд, мөргөлдөөнд оролцогч талуудад хандан “олон улсын хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдөж”, “дээд зэргээр хүлээцтэй байх”-ыг уриалсан байна. Мөн энгийн иргэдийг хамгаалах шаардлагатай байгааг онцолжээ.


Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе тус улс “дарлал доромжлолыг эсэргүүцэн тэмцэж буй Ираны зоригтой ард түмэнтэй” эв санаагаар нэг байна гэж мэдэгджээ. Тэрбээр Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд явуулж буй АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Туркийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд, Ираны эсрэг АНУ, Израилын ажиллагаа бүс нутгийн төлөв болон дэлхий дахины тогтвортой байдалд аюул учруулж байна гэж дурджээ. Турк улс Ираны эргэн тойронд үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг мөн илэрхийлж, цохилтоо зогсоохыг уриалсан байна.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр мөргөлдөөн өргөжихөөс сэргийлж, “аль болох олон хүний амийг аврах” нь чухал гэж онцолжээ.


Харин Арабын орнууд Израил, АНУ-ын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, тэднийг дайнд татан оруулах вий гэж эмээж байна. Катар, АНЭУ, Кувейт, Бахрейн, Йордан улсууд нутаг дэвсгэрт нь байрлах АНУ-ын цэргийн баазууд руу харвасан Ираны пуужингуудыг амдан сөнөөж байгаагаа мэдэгдэж байна. Эдгээр орны зарим нь хариу цохилт өгөх эрхтэй гэж мэдэгдсэн хэдий ч шийдвэрээ гаргахын өмнө бүх “давуу ба сул талыг” нарийн тооцоолох болно гэж мэдэгдлээ. Чухам нөхцөл байдал ингэж өрнөхөөс сэргийлэхийн тулд Арабын орнуудын удирдагчид сүүлийн хэдэн долоо хоногт Иран, АНУ-ын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.

Холбоотой мэдээ