ЕС ДЭХ ДОЛОО ХОНОГ: Пакистан, Афганистаны хооронд дайн дэгдэв
ТОЙМ
УЛААНБААТАР, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын Конгресст илтгэл тавьж, Оросын арми Украинд халдан довтолсноос хойш яг дөрвөн жилийн дараа Европын удирдагчид Киевт цугларч, Украинд үзүүлэх нэмэлт тусламжийн асуудлыг хэлэлцлээ. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард Пакистан, Афганистаны хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн улам даамжирч, бүрэн хэмжээний дайн болон өргөжжээ. Ингээд өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Д.Трамп 1 цаг 48 минутын турш илтгэл тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп “Улс
орон дахь нөхцөл байдлын
талаарх” жил тутмын илтгэлээ Конгресст тавилаа. Илтгэл 1 цаг 48 минутын турш үргэлжилсэн
нь 1964 оноос хойших хамгийн урт илтгэл байв. Олон нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн нэр хүнд сайнгүй
байгаа боловч тэрбээр өөрийгөө Америкийн “алтан эрин үе”-ийг эргүүлэн авчирсан
гэж мэдэгдэв. Канад, Хятад, Мексик болон бусад улсын бараанд тогтоосон татваруудыг
нь Дээд шүүх хууль бус гэж үзсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Трамп Конгресст
илтгэл тавихдаа уг
шийдвэрийг “бүтэлгүй, үр дүнгүй
шийдвэр” хэмээн дүгнэжээ.
Улс доторх улсын эзнийг устгажээ

Хар тамхины хамгийн зартай картелийн толгойлогч болох “Эл Менчо” гэгч амиа алдсаны дараа Мексик улсад эмх замбараагүй байдал дэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт явуулсан тусгай ажиллагааны үеэр мафийн толгойлогчийг устгасны хариуд түүнийг дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлэн орон даяар замуудыг хааж, автомашинууд, дэлгүүрүүдийг галдан шатаасан байна. Үймээний явцад үндэсний гвардын 25 цэрэг болон мафийн хэдэн арван гишүүд амиа алджээ. Аюулаас хамгаалах хүчний 2500 албан хаагчийг үймээнд автсан Жалиско муж улс руу илгээсэн бөгөөд Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мягмар гарагт мэдэгдэхдээ, 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Мексикийг зорин ирэх хөгжөөн дэмжигчдэд ямар ч аюул занал учрахгүй гэлээ.
Украинд үзүүлэх тусламжийг Унгар бойкотлов
Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш яг дөрвөн жил өнгөрч буй өдөр буюу мягмар гарагт Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен тэргүүтэй Европын удирдагчид Киев хотод цугларч, Украинд нэмэлт тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Харин Оросын нефть дамжуулах хоолойн асуудлаар Украинтай сөргөлдөж буй Унгарын тал нэмэлт тусламж болох 106 тэрбум ам.долларыг Киевт олгохыг эсэргүүцэж байгаа юм. Үүний сацуу, Их Британи улс Оросын компаниуд, хувь хүмүүс тэдгээрийн дотор Оросын нефтийн экспортын 80 гаруй хувийг тээвэрлэдэг газрын тосны хоолойн оператор компани болох “Транснефть”-ийн эсрэг 300 орчим хориг арга хэмжээ авчээ.
Энэтхэг-Израилын харилцаа шинэ түвшинд гарав

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Израил улсад айлчилж, Ерөнхий сайд Б.Нетаньяхутай уулзаж, тус улсын парламент болох Кнессетэд үг хэллээ. Айлчлалын өмнө Нетаньяху хэлэхдээ, Энэтхэг улс бол “хэт даврагч хүчнүүдийн тэнхлэг”-ийн эсрэг хамтран тэмцэж буй зургаан талт холбоотнуудын бүлгийн нэг хэсэг мөн гэсэн байна. Тэрбээр Н.Модиг нисэх онгоцны буудалд өөрийн биеэр угтан авсан нь Энэтхэг-Израилын түншлэл тактикийн түвшнээс давж, бүтцийн шинжтэй болж өргөжсөнийг харууллаа.
Пакистан, Афганистаны хооронд бүрэн хэмжээний дайн дэгдлээ

Пакистан руу халдлага үйлдэхээр бэлтгэхэд нь өөрийн газар нутгийг террорист бүлэглэлүүдэд ашиглуулж байна гэж Пакистаны эрх баригчид Афганистаны талыг буруутгасныхаа дараа нийслэл Кабул болон бусад хэд хэдэн хотод агаарын цохилт өгсөн байна. НҮБ-ын мэдээллээр, цохилтод өртөн 13 энгийн иргэн амиа алджээ. Мөн Афганистаны тал Кандагар болон Гильменд муж дахь Пакистаны цэргийн баазуудад хариу цохилт өгснөөр Пакистаны 10 цэрэг амь үрэгджээ. Үүнтэй зэрэгцэн Пакистаны Пенжаб мужид амиа золиослогч этгээд цагдаагийн 2 ажилтны аминд хүрч, Кохат мужид зэвсэгт этгээд 7 хүнийг хөнөөжээ. Эдгээр халдлагын хариуцлагыг Пакистан дахь Талибан хөдөлгөөнийхөн өөртөө хүлээсэн байна. 2611 км урт газраар хиллэдэг Пакистан, Афганистаны харилцаа 10 дугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөний дараа эрс хурцдаж, одоо бүрэн хэмжээний дайн болж өргөжлөө.
Нвидиагийн ашиг 94 хувиар өсөв
Өмнөх онтой харьцуулахад Nvidia компанийн
жилийн орлого 73 хувиар өсөж, 68,1 тэрбум долларт хүрсэн бол цэвэр ашиг нь 43
тэрбум доллар болж, 94 хувиар өссөн байна. Хиймэл оюун ухааны тооцооллын график
процессорын эрэлт хэрэгцээ “тоог зэрэгт дэвшүүлж байгаа мэт хурдацтай нэмэгдэж
байгаа” нь ашиг орлого огцом өсөхөд нөлөөллөө хэмээн тус компанийн Гүйцэтгэх
захирал Женсен Хуан дүгнэн хэлэв.
Иений ханш унав
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи
аядуу зөөлөн бодлого баримтлагч Асада Тоичиро, Сато Аяано нарыг тус улсын Төв
банкны бодлогын хорооны гишүүнээр томилсны дараа доллартой харьцах иений ханш
багагүй хэмжээгээр уналаа. Энэ хоёр хүн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын
хүүг бууруулахыг дэмждэг тул бодлогын хүүг өсгөнө гэсэн байр суурьтай Төв
банкны ерөнхийлөгч Үеда Казүо-той зөрчилдөж магадгүй юм.
Paramount компани 110 тэрбумаар Warner Bros.-ыг авлаа
Warner Bros. Discovery /WBD/ компанийг 110 тэрбум ам.доллароор худалдан авсан
гэдгээ Paramount Skydance компани баасан гарагт мэдэгдлээ. Өмнө нь мэдээлснээр,
WBD-г 82,7 тэрбум доллароор худалдан авах тухай өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан
гэрээнээс гарч байгаагаа Netflix компани мэдэгдсэн юм. Учир нь, энэ оны
хоёрдугаар сард Paramount компани илүү өндөр үнийн санал хүргүүлсэн тул Netflix
өрсөлдөөнөөс гарчээ. Шинэ гэрээний дагуу Paramount компани WBD-гийн нэгж
хувьцааг 31 доллароор худалдан авахаас гадна Netflix-т олгох 2,8 тэрбум долларын
нөхөн төлбөрийг хариуцах юм.
Аваргуудын лигийн сугалаа явагдлаа

Нэмэлт тоглолтууд дуусаж, Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-д тоглох бүх баг тодорсны дараа баасан
гарагт Швейцарын Ньон хот дахь УЕФА-гийн төв байранд эдгээр багийн хоорондын
тоглолтын сугалаа явагдаж, учраанууд тодорлоо.
Шөвгийн 16-гийн сугалааны дүн:
ПСЖ— Челси
Галатасарай — Ливерпүүл
Реал Мадрид — Манчестер Сити
Аталанта — Бавариа
Ньюкасл Юнайтед — Барселона
Атлетико Мадрид — Тоттенхэм
Будё-Глимт — Спортинг
Байер — Арсенал
Тоглолтын хуваарь:
Эхний тоглолтууд: 2026 оны гуравдугаар
сарын 10-11
Хариу тоглолтууд: 2026 оны гуравдугаар
сарын 17-18
Финалын тоглолт: 2026 оны тавдугаар сарын 30-нд Будапешт хотын “Пушкаш Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Ирэх долоо хоногт дэлхийн дахинд болох онцлох үйл явдлууд:
- Мягмар гарагт 2013 оноос хойш НҮБ-ын
санаачилгаар тэмдэглэж буй World Wildlife Day буюу Амьтан, ургамлыг хамгаалах
дэлхийн өдөр тохионо.
- Османы дарлалаас чөлөөлөгдсөн
өдөр буюу Эрх чөлөөний өдрийг Болгар улсад тэмдэглэнэ.
- Лхагва гарагт Таргалалттай тэмцэх
олон улсын өдөр тохионо.
- Пүрэв гарагт Шүдний эмч нарын
олон улсын өдөр тохионо. 1790 оны энэ өдөр Вашингтон хотын шүдний эмч Жон
Гринвүүд шүдний бормашиныг зохион бүтээжээ.
- Гуравдугаар сарын 3-4: Энэтхэгийн зарим газар оронд Холи буюу “Будагны баяр”-ыг тэмдэглэнэ. Алдарт
"Махабхарата" туульсаас гаралтай энэ баярын үеэр хүмүүс бие
биедээ будаг түрхэж, дуулж бүжиглэн хаврыг угтдаг ажээ.
- Гуравдугаар сарын 2-5: Хиймэл
оюун ухаан, хөдөлгөөнт холбоо, цахим технологийн салбарын хамгийн том арилжааны
шоунуудын нэг болох MWC Barcelona үзэсгэлэн Испанийн Барселона хотод болно.
- Гуравдугаар сарын 2-8: Олон улсын бобслей ба скелетоны холбооны /IBSF/ ивээл дор болдог Дэлхийн цомын тэмцээн Германы Кёнигсзе хотод явагдана.
- Гуравдугаар сарын 5–8: Формула-1
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны эхний гараа болох Австралийн
Гран-При эхэлнэ.
- Гуравдугаар сарын 5-8: Олон улсын тэшүүрийн холбооны ивээл дор болдог гүйлтийн тэшүүрийн ДАШТ явагдана.
- Гуравдугаар сарын 6–15: Италийн
Милан ба Кортина д'Ампеццо хотуудад өвлийн Паралимпын наадам явагдана.
- Ням гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо
- Колумб улсад бүх нийтийн сонгууль болно.
- Бээжин хотод БХАТИХ болон Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хуралдаан эхэлнэ. Уг хурлаар Засгийн газрын үйл ажиллагааны тайланг сонсож, БНХАУ-ын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батална.