Сар луу хийх нислэгийг 2028 он хүртэл хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2026-02-28 14:04:00

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 28 /Kazinform/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Сарыг судлах олон улсын хөтөлбөр болох “Артемис”-ын нислэгийн хуваарийг өөрчилж, Саран дээр сансрын нисгэгчдийг буулгах нислэгийг 2028 оноос нааш үйлдэхгүй байхаар шийдвэрлэжээ. 


Дээрх хугацаанаас өмнө NASA туршилтын нислэгүүдийг хийх, мөн гол технологиудыг туршихаар төлөвлөж байгаа талаар Кеннедигийн нэрэмжит Сансрын төвд болсон хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан байна. 


Orion хөлгийг хөөргөх Space Launch System пуужингийн хурдасгуур блокийн гели дамжуулах системд доголдол гарсны улмаас түүнийг хоёрдугаар сарын 25-нд угсралтын талбай руу буцаан аваачсан байна. Доголдлыг зассаны дараа пуужинг дахин 39B хөөргөх талбайд аваачна. “Артемис”-ын хүрээнд дөрвөн сансрын нисгэгч уг хөлгөөр Сарыг тойрон нисэх нислэгийг дөрөвдүгээр сард хийхээр товложээ. 


Шинэчилсэн төлөвлөгөөгөөр, сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах “Артемис III” даалгаврыг одоо Дэлхий орчмын тойрог замд гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, хөлгийн баг SpaceX, Blue Origin компаниудын Сарны гадаргуу дээр буугч модулиудтай холбогдож, амьдрах орчныг хангах системүүд, холбоо, хөдөлгүүрийн төхөөрөмжүүдийг шалгаж, мөн задгай сансарт ажиллах үед өмсөх шинэ скафандрыг турших юм. “Артемис III” хөтөлбөрийг 2027 онд хэрэгжүүлэх ёстой байсан юм. Саран дээр буулгах ажиллагааг одоо “Артемис IV”-д шилжүүлж 2028 онд нислэгийг үйлдэхээр шийдвэрлэсэн байна. 



Холбоотой мэдээ