Үндэсний бахархалт амьтан-мазаалай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун өмнөд хэсэгт орших Алтайн өвөр говьд мазаалай хэмээх маш ховор, нууцлаг амьтан амьдардаг. Хүрэн баавгайн дэд зүйл болох мазаалай нь зөвхөн Монголд нутагладгаараа онцлог юм.
Эрт үеийн домог, ардын ярианд мазаалайг “хүн хар гөрөөс, алмас” хэмээн нэрлэсэн нь бий.

Энэ нь хааяа хойд хоёр хөл дээрээ зогсон орчноо ажиглах, хүний хөлийнхтэй төстэй мөр үлдээдэгтэй нь холбоотой гэх нь бий. Говь цөлийн эзгүй талд гэнэт үзэгдэн, хурдан холдож оддог нь домог яриаг үнэн мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.
Оросын байгаль судлаач В.Ф.Ладыгин монголын говьд “онцгой” баавгай байдгийг 1900 онд анх дурдсан нь мазаалайн тухай дэлхийд түгсэн эхний баримт юм. Амьтан судлаач А.Г.Банников багийнхныхаа хамт Цагаанбогдын
уулсад мазаалайг 1943 онд анх харснаа бичиж үлдээжээ. Түүнээс
хойш мазаалайн талаар хийсэн олон судалгааны
дүнд, одоогоор 50 гаруй бодгал бий.
Мазаалай нь хүрэн баавгайн төрөл зүйлд багтдаг. Өргөн уудам орон зайд байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардгаараа бусад баавгайн зүйлээс эрс ялгарна.
Бие жижиг, бордуу
шаргал зүстэй, хөнгөн туранхай биетэй байдаг нь говийн хатуу ширүүнд дасан
зохицох онцлог юм. Мазаалайн уугуул нутаг эрт цагт асар уудам байсан ч өдгөө
зөвхөн монголын баруун өмнө Алтайн өвөр говь, цөлийн бүсийг хамарч, тархац
нутаг нь 1940–өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос 5 дахин хумигдаад байна. Энэ
ховор амьтныг амьдрах орчин нутагтай нь хамгаалахаар Их говийн дархан газрыг
байгуулаад 50 жил болж байгаа юм.
Мазаалай
хэдийгээр махан идэштний багт хамаарах, Алтайн өвөр говийн хамгийн том амьтны
нэг боловч идэш тэжээлийнх нь дийлэнхийг ургамлын гаралтай зүйл, бажууна,
хармаг эзэлдэг. Элдэв зүйл шавж, чичүүл, шишүүхэй гэх мэт жижиг мэрэгчээс гадна
заримдаа сэг зэмээр хооллодог.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн
санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн"-ийг 2022 онд зохион
байгуулсан нь мазаалай хамгаалах ажлыг төрийн түвшинд анхаарч, судалгааг шинэ
шатанд гаргахад түлхэц болсон юм. Улмаар Засгийн газрын 2023 оны тогтоолоор мазаалайг
“Үндэсний бахархалт амьтан”-аар зарлаж, түүнийг сурталчлан таниулахаар жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгайн өдөр” болгосон билээ.
Монгол орны байгалийн өв, говийн экосистемийн илэрхийлэл болсон мазаалайг хамгаалах нь зөвхөн нэг амьтны хувь заяа бус, говийн экосистем, байгаль орчны тэнцвэр, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэгтэй ч холбоотой говийн амьд ертөнцийн ирээдүйн төлөөх үйл хэрэг юм. Иймд мазаалайг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна амьдрах орчныг нь тэтгэхээр үүлэнд зориуд нөлөөлж хур тунадас оруулах, баян бүрд, уст цэгүүдийг сэргээх, нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргах, хөв байгуулах, нэмэлт тэжээлийн чанар, хүрэлцээг сайжруулж байна. Сансрын дохиололтой хүзүүвч зүүж, дулаан мэдрэгч автомат камер тавьж, хүүхэд, залуус болон олон нийтэд таниулах сургалт сурталчилгааг ч түгээж буй талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул ярьж байна.
Мазаалайг хамгаалах нь цаашид монгол орны үндэсний бахархалт зүйлийн хамгааллын сонгодог жишээ болж, олон зүйл амьтан, ургамлыг хамгаалах загвар болох учиртай юм.