Монгол орны ой бүхий талбайг 8.71 хувь гэж батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн энэ сарын 9-ний хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ой бүхий талбайг 8.71 хувь гэж баталлаа.
Өөрөөр хэлбэл, монгол орны 156.4 сая га газар нутгийн 13,6 сая га нь ойгоор бүрхэгдсэн талбай гэдгийг БОУАӨЯ-наас мэдээлэв.
Өмнө нь нийт газар нутгийн 8–9 орчим хувь нь буюу 14–15 сая га газар нь ой хэмээдэг байв.
Аливаа улс орон, газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ой бүхий талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг. БОУАӨ-ийн сайдын тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагаа, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, ойн тооллого, зохион байгуулалтын мэдээлэл, ойн дагавар баялгийн нөөц, ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах үүрэг бүхий Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард шинэчлэн баталсан билээ.
