Энэ хорвоод бид учиртай ирсэн болохоор бие биеэ хайрлацгаая
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр миний төрсөн өдөр. Намайг М.Энхбаясгалан гэдэг. Би 14 нас хүрч байна.
Хүүхэд бүр төрсөн өдрөө догдлон хүлээдэг шиг би ч мөн энэ өдрийг догдлол дүүрэн угтдаг. Учир нь төрсөн өдөр бол хүн бүрийн амьдралын онцгой, утга учиртай өдөр билээ. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ талархал илэрхийлмээр байна. Тэдний маань хайр, халамж, дэмжлэг байгаагүй бол би энэ хорвоод мэндлэхгүй, өнөөдрийн энэ сайхан мөчийг мэдрэхгүй байх байсан. Тиймээс би эцэг эхийнхээ ачийг үргэлж санаж, сайн хүн болж төлөвшихийг хичээдэг.
“Энэ хорвоод хүн зүгээр нэг төрдөггүй, учиртай ирдэг” хэмээн
эмээ минь захидаг. Энэ үгийг би үргэлж бодож явдаг. Тиймээс би ч бас өөрийн
гэсэн утга учиртай амьдрах ёстой гэж итгэдэг. Өвөө, эмээ минь бидэнд онц
сурахаас илүүтэй хичээнгүйлэн суралцаж, илүү ихийг таньж мэдэх, тууштай байх нь
чухал гэдгийг сургадаг. Ялангуяа бусдыг хүндэтгэн хайрлахыг захидаг. Иймээс би
хүн бүрийг байгаагаар нь хайрлахыг хичээдэг.
Хүн бүр ээж, аавынхаа нандин хайраас төрсөн учраас адилхан хайрлагдах эрхтэй шүү дээ. Зарим хүүхэд бусдыг гадаад төрх, сурлага, авьяас чадвараар нь дүгнээд байдаг. Харин би хүн бүрийг байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрөх нь хамгийн зөв гэж боддог. Бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, гадаад төрх, сурлага, авьяас чадвараар нь биш, харин найзыгаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч нөхөрлөөсэй гэж хүсдэг.
Мөн хүүхэд бүр ээж, аавтайгаа илүү нээлттэй ярилцаж байгаасай гэж боддог. Учир нь эцэг эх бол бидний хамгийн ойр дотны, итгэж түшиж болох хүмүүс билээ. Үүний зэрэгцээ томчууд ч гэсэн хүүхэд бүрд зөв үлгэр дуурайл үзүүлж, үргэлж хайр хүндэтгэлтэй хандаасай гэж хүсдэг.
Арван дөрвөн нас бол мөрөөдөл, зорилгоо тодорхойлох эхлэл гэж эгч минь хэлсэн. Тиймээс би сайн хүн байж, бусдыг хайрлаж, өөрийн мөрөөдөл, зорилгынхоо төлөө хичээн суралцаж, бусдыг ойлгож хайрлахыг өөртөө амлаж байна.
8 дугаар ангийн сурагч М.Энхбаясгалан