ЗАВХАН: Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хүрэл бүсний арал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн сан хөмрөгт Хүннүгийн үеийн олон үнэт ховор дурсгал хадгалагдаж байна. Үүний нэгэнд Алдархаан сумын Ямаан ус хэмээх газраас илрүүлсэн Хүннүгийн язгууртны бүлэг дурсгалын 61 дүгээр булшнаас олдсон хүрэл бүсний арал багтдаг.
Дөрвөлжин хэлбэртэй, цутгамал хүрлээр урласан уг бүсний арал нь урд нүүрэн дээрээ хоёр буур ноцолдож буй дүрслэлийг товойлгон хийснээрээ онцлог.
Хүннүгийн үед тэмээний буур ноцолдох буюу орооны үеийн хүч чадал, эр зоригийг бэлгэдэн дүрслэх нь сүр хүч, эрх мэдлийн илэрхийлэл байжээ. Иймээс 61 дүгээр булшнаас илэрсэн хүрэл бүсний арал нь тухайн язгууртан хүний нийгэмд эзлэх байр суурь, сүр жавхланг бэлгэдсэн гоёл чимэглэлийн чухал дурсгал. Энэхүү олдвор нь Хүннүгийн үеийн соёлын олон талт байдлыг олон нийт, ялангуяа хүүхэд залууст таниулан сурталчлахад чухал хувь нэмэр оруулж байгааг Завхан аймгийн музейгээс мэдээллээ.