25 настайдаа өөрийгөө шинээр нээж агаарын гимнастикч болсон
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Намайг Ж.Алтанчимэг гэдэг. Миний хувьд циркийн сургууль төгсөөгүй ч гэр бүл, хүүхэд, уран бүтээл, судалгааны ажлыг зэрэг авч явж, өөрийгөө шинээр нээж, сорьж ирсэн хүн дээ.
Товчоор хэлбэл, том охиноо нэг настай байхад буюу 2014 оноос циркийн бэлтгэлд орж эхэлсэн. Тэр үе надад амар байгаагүй ээ, хүүхдээ өсгөнө, гэр орны бүх ажлыг хариуцна, дээрээс нь төрсний дараах стресс гээд.
Нэг өдөр нөхрийн маань агаарын гимнастикийн багш надтай холбогдоод, “Чи өөрөө циркээр хичээллэж үзэх үү?” гэсэн. Нуруу, үе мөч, уян хатан байдлыг маань шалгаад, “Хамгийн чухал нь сунгалт. Нөхөртөө сюрприз бариад, хамтдаа агаарын үзүүлбэр хийе” гэхэд нь гайхсан ч оролдоод үзэх сэтгэл төрсөн.
Бэлтгэл эхлээд долоо хоногийн дотор шпагат суучихсан. Бичлэгээ нөхөртөө явуулахад их гайхсан л даа. Харин сарын дараа гэхэд агаарын ремень дээр өөрөө бие дааж хөдөлгөөн хийх чадвартай болсон байсан. Гурван сарын дараа бид хоёр хамтдаа анх удаа АСА циркийн манежид агаарын үзүүлбэр үзүүлсэн. “Гуравхан сарын бэлтгэлтэй хүн тайзан дээр гарна гэдэг ховор шүү” гэж багш нар, уран бүтээлчид хэлж байлаа. Шүүмжилсэн хүн байсан ч дэмжсэн нь олон байсан болохоор улам их урамшсан, илүү хичээхээр шийдсэн.
Анх тайзан дээр гарах мэдрэмж үнэхээр сонин
байсан. Айж сандарна, бараг хөшчихнө. Тайзан дээр гараад биеэ удирдаж чадахгүй,
шөрмөс татчих шиг л болдог юм билээ. Тэр үед би 25 настай байсан. Охиноо
23-тайдаа төрүүлээд, 24-25
насандаа анхны том тайзнаа гарсан гэсэн үг.
Тухайн үед манай хүн ганцаарчилсан номер дээрээ илүү төвлөрч ажиллаж байсан болохоор бидний хамтарсан үзүүлбэр хэсэг хугацаанд зогссон. Бараг хоёр жил хамтарсан номероо хийгээгүй. Харин саяхан “Netflix”-ийн нэг шоунд дахин хамтарч оролцсон.
Циркийн жүжигчин, агаарын гимнастикч, “Акро Монголиа Энтертаймэнт & Эдьюкэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Алтанчимэг
