“Цагаан сарын хувь” хамгийн гоё

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-27 10:03:39

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын энэ өдрүүдэд бага насны минь дурсамжууд их бодогдох юм аа.


Би найман хүүхэдтэй айлын ууган нь. Манайхан удмаараа л малчин хүмүүс байлаа. Олон бага малтай болохоор ганц гэрээр өвөлжиж, хаваржиж, хүүхдүүд бид өдөр бүр хонио хариулна. Цагаан сарын шинийн нэгний хонины ээлжийг “Хишиг өдөр гэдэг. Тэр өдөр хонь хариулсан хүнд “Цагаан сарын хувь гэж хонины хошногоны түрий, богтос, үе сүүл, хэвийн боов, ёотон, хамгийн гоё чихэр өгч явуулна.


Миний хувьд хонь хариулах нь чухал биш, тэр хувиа авах нь л их гоё байлаа. Ээж ямар хишиг өгөх бол гээд догдолж хүлээнэ. Хонины бэлчээртээ дөнгөж очоод л яаран задална. Хэсэгхэн идээд цадчихдаг тул үлдсэн боов боорцгийг ямаанд өгөөд, хадан дээр өргөөд орхидог сон.


Хүүхэд, багачуулд “Цагаан сарын хувь” өгдөг энэ сайхан зан үйл одоо ч хөдөө нутагт бий гэдэгт итгэж байна. 


В.Осоржамаа /Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын иргэн/

Холбоотой мэдээ