АРХАНГАЙ: Улсын аварга малчин Д.Цогтбаатар жишигт нийцсэн үржлийн өсвөр мал бойжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын Дэл багийн хөх толгодын дунд нутгийн түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хөдөлмөрч нэгэн өрх төвшин амгалан аж төрнө. Энэ бол Aймгийн алдарт уяач Дашдондогийн Цогтбаатарын гэр бүл юм.
УИХ, Засгийн газрын гишүүн Б.Батцэцэг, Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж нар түүний гэр бүлд “Улсын аварга малчин” цол, тэмдгийг энэ сарын 15-ны өдөр гардуулан өглөө.

Аварга малчин Д.Цогтбаатар удам залган, мал маллах ухааныг эзэмшиж, орчин үеийн мал аж ахуйн дэвшилтэт технологид суралцан, цөм сүргийг бүрдүүлж, жишигт нийцсэн үржлийн өсвөр мал бойжуулан малын чанар үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ.
Түүнчлэн удам гарвал, ашиг шимийн бүртгэл хөтлөн нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрийг хуваарьтай ашиглах, хадлан тэжээл бэлтгэх ажилд онцгой анхаарч, малыг хур тарга хүчтэй, онд мэнд оруулдаг ажилч хичээнгүй тэргүүний малчин юм.
Малыг тарга тэвээрэгтэй онд мэнд оруулдаг арга барил нь хавар эрт ногоолох, отор нүүдэл хийн махан таргыг гүйцэд авхуулдаг, намар цагт Тамир голынхоо урд сэрүүн дэнж газарт тарга хүч тогтоох хариулгыг тогтмол явуулдаг туршлагатай малчин юм.
Тэрбээр сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац багтаамж хэтэрч байгаатай уялдуулан сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулж, мал мах үйлдвэрлэлээс олсон орлогоосоо Дэл багийн Овоотын булгийн эхийг хашин хамгаалж, Тамирын голын дагуу хог хаягдал, малын сэг зэмийг цэвэрлэж, байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.