ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын "Оны онцлох алдартан”-аар Т.Ариунцэцэг тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-02-16 14:44:09

Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж модон могой жилийн есөн алдартнаа тодрууллаа.


Тус сумын оны онцлох алдартнаар Даланзадгад сумын улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн математикийн багш Т.Ариунцэцэг тодорлоо.


Түүний онцлох амжилтуудыг дурдвал Зүүн өмнөд Азийн олон улсын математикийн олимпиадын I шатанд бэлтгэсэн сурагчдаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн бол Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотод зохион байгуулсан SEAMO-II уралдаанд нэг хүрэл медаль, Математикийн 60 дугаар олимпиадыг угтан зохион байгуулсан “Сэврэйн сорил” олимпиадад багаараа тэргүүн байр, багшийн төрөлд дэд байр, төрөл мэргэжлийн олимпиадаас таван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль, бүсийн олимпиадиас нэг алт, хоёр мөнгө медаль, Геометрийн массын олимпиадад хоёр ангилалдаа тэргүүн байр, хөдөөгийн математикийн багш нарын улсын онлайн II уралдаанд эхний 20-д шалгарчээ. Мөн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд 2024, 2025 онд сургуульдаа тэргүүн байрыг эзэлжээ.


Т.Ариунцэцэг нь боловсролын салбарт 19 дэх жилдээ тасралтгүй ажиллаж, 2 анги төгсгөж, 3 дахь ангиа удирдан ажиллаж байна.


Түүний 2025 онд төгсгөсөн 12а ангийн сурагчид ЭШ-ын дүнгээр аймаг болон улсын дунджаас өндөр үзүүлэлттэй үнэлэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 12 сурагч, Өмнөговь аймаг болон Даланзадгад сумын Засаг даргын өндөр онооны хөтөлбөрт 4 сурагч, улсын их сургуульд 24 сурагч, гадаадын их сургуулийн тэтгэлэгт 6 сурагч хамрагдсан амжилтыг үзүүлжээ.  


Мөн багшийн үүрэг хариуцлагын хүрээнд "Оюу толгой" компанийн тэтгэлэгт хамрагдсан сурагчдын мэргэжил сонголтын судалгааг тогтмол авч, эцэг эх-сурагч-багшийн гурвалсан уулзалтыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулжээ.


Тэрээр хамт олны дунд нэр хүндтэй, цагийн сахилга баттай, хичээлийн бэлтгэл сайтай, сурагч бүрийн ахиц амжилтад чиглэсэн үр дүнтэй арга зүйтэй багш бөгөөд 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр эцэг эх, хамт олны сэтгэл ханамжаар 100 хувь үнэлэгдсэн шилдэг багш билээ.

 

Холбоотой мэдээ