Иранд цохилт өгөхөөр Америкийн цэргийнхэн бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-02-15 18:51:19

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 15 /DW/. Хэдэн долоо хоногийн турш сунжран үргэлжилж болзошгүй Ираны эсрэг байлдааны ажиллагаанд Америкийн цэргийнхэн бэлтгэж байна гэж АНУ-ын засгийн газар дахь нэрээ нууцалсан хоёр эх сурвалж ярьсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.   


Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, Ираны дэглэмийг нь өөрчлөх нь зүйтэй гэсэн агуулгатай үг хэлсний дараа бэлтгэл ажил улам идэвхжсэн байна. Ираныг хэн удирдах вэ гэсэн асуултад тэрбээр шууд хариулахаас татгалзсан боловч “тодорхой хүмүүс бий” хэмээн хэлжээ.  


Үүний сацуу дахин нэг хөлөг онгоц тээгч хөлөг онгоцыг Ойрх Дорнод руу илгээнэ гэдгээ Цагаан ордон мэдэгдсэн байна. Трампын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Анна Келли хэлэхдээ, Ираны талаарх бүх хувилбар ерөнхийлөгчид байгаа гэлээ.


Энэ удаад явуулахаар зэхэж буй ажиллагаа нь 2025 оны зургаадугаар сард Ираны эсрэг явуулсан Midnight Hammer ажиллагаанаас илүү нарийн төвөгтэй юм. Тухайн үед радарт баригддаггүй бөмбөгдөгч онгоцуудаар Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн бол энэ удаад хүчний байгууллагуудын болон төрийн байгууллагуудын объектуудыг онилох бололтой. Энэ тохиолдолд Ираны зүгээс хариу цохилт өгөх нь гарцаагүй гэж Америкийн цэргийнхэн үзэж байгаа бөгөөд харилцан цохилтууд удаан хугацаанд үргэлжилж магадгүй юм.


Ерөнхийлөгч Д.Трамд Хойд Каролина муж улс дахь Форт-Брэгг цэргийн баазад очиж үг хэлэхдээ, Ирантай тохиролцох нь хэцүү учраас зарим үед айлгаж байх нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор дахин нэг хөлөг онгоц тээгч хөлөг онгоцыг Ойрх Дорнод руу илгээнэ гэдгээ Цагаан ордон мэдэгдсэн байна. Америкийн тэнгисийн цэргийн флот дахь хамгийн орчин үеийн, хамгийн том Gerald R. Ford нисэх онгоц тээгч хөлөг онгоц Карибын тэнгисээс Ойрх Дорнодод очиход наад зах нь долоо хоногийн хугацаа шаардлагатай. Харин нисэх онгоц тээгч Abraham Lincoln хөлөг онгоц Ойрх Дорнодод хэдийн очоод байгаа юм.


Цэргийн ажиллагааны бэлтгэл явагдаж буй энэ үед дипломат сувгаар хийж буй уулзалтууд үргэлжилсээр байна. Тухайлбал, ирэх мягмар гарагт Женев хотноо АНУ-Ираны ээлжит хэлэлцээ явагдах бөгөөд Д.Трампын тусгай элч С.Уиткофф, Трампын хүргэн Ж.Кушнер нар Оманы зуучлалаар Ираны төлөөлөгчидтэй уулзах ажээ.  


Яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ талууд илэрхийлсээр байгаа боловч тэдний байр суурь хоорондоо ялгаатай байна. Ираны тал зөвхөн цөмийн хөтөлбөр ба хоригийг цуцлах асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн бол АНУ-ын тал баллистик пуужин, бүс нутгийн бүлэглэлүүдэд Иранаас үзүүлж буй дэмжлэг, Иранд хүний эрхийг хангах гэх мэт асуудлуудыг хэлэлцэхийг шаардаж байгаа юм. 

Холбоотой мэдээ