Зеленский, Рубио нар Мюнхенд уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-02-15 15:17:45

МЮНХЕН, 2026 оны хоёрдугаар сарын 15 /DW/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын хүрээнд Украины Ерөнхийлөгч В.Зеленский, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар өчигдөр уулзсан байна.


Тэд дайныг дуусгах асуудлаар 17-18-ны өдрүүдэд Женевт болох Украин, ОХУ, АНУ-ын гурван талт хэлэлцээний шинэ үе шатны талаар хэлэлцжээ. Украины төрийн тэргүүн хэлэхдээ, тус улсад аюулгүй байдлын баталгаа олгох, сэргээн босгох асуудлуудаар ахиц дэвшил гаргах нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ. Зеленский мөн фронт дахь нөхцөл байдал, Украины эрчим хүчний системд Оросын тал цохилт өгсөөр байгаа талаар Рубиод танилцуулсан байна.


Рубиогийн хэлснээр, товчхон уулзалтын явцад Украины аюулгүй байдал болон батлан хамгаалахын ба эдийн засгийн салбарын түншлэлийг гүнзгийрүүлэх асуудлуудыг хэлэлцжээ.  


Мөн өдөр Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч С.Уиткофф, Трампын хүргэн Ж.Кушнер нартай утсаар ярьсан байна. “Бид Абу-Дабигийн уулзалтын дараа болсон зарим үйл явдлыг хэлэлцсэн, гэхдээ бүхнийг утсаар ярих боломжгүй тул манай хэлэлцээний баг байр сууриа ирэх долоо хоногт танилцуулна” гэж Украины Ерөнхийлөгч хэллээ.


Түүнээс гадна, Зеленский, Рубио нар бямба гарагт 62 дахь удаагийн Мюнхений бага хуралд оролцож үг хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч хэлэхдээ, Женевийн уулзалт нухацтай, агуулга сайтай, үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний сацуу “зөвхөн Украины тал буулт хийх ёстой гэсэн санааг америкчууд байнга хөндөж буйг” дурдлаа.


Рубиогийн хэлснээр, дайныг дуусгахтай холбоотой асуудлуудын хүрээ хумигдсаар байгаа боловч хамгийн хүнд хэцүү асуудлууд үлдээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ