Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэллээ.
СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ажлын тайлан мэдээллээ танилцуулж, холбооныхоо дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэв. Тэрбээр “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирсан” гэдгийг онцлов.

МАН-ын бүлгийн мэдээлснээр, ээлжит бус их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ.

Тэрбээр “МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, оролцоо, манлайллын үр дүнд бүх шатны сонгуульд намын олон ялалтыг байгуулж байсан. Манай Х.Булгантуяа ерөнхийлөгч Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж ажиллах он цаг хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг баталж, эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатны сонгуульд нэр дэвших жендэрийн квотыг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлал гаргаж, идэвхтэй байр суурийг илэрхийлж ажилласны үр дүнд түүхэнд анх удаа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32 эмэгтэй гишүүн, тэр дундаа манай намын 15 эмэгтэй УИХ-ын гишүүнээр ажиллаж байгааг бахархалтай хэлэхийг хүсэж байна” гэв.
Ээлжит бус Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбар холбоодоос 521 төлөөлөгч оролцож байна.
Тус холбоо 1994 оны арваннэгдүгээр сард “Эмэгтэйчүүд-Хөгжил хөдөлгөөн” нэртэй анхдугаар чуулганаа хийж, хөдөлгөөнийхөө дүрмийг баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажлын чиглэлээ гаргаж байсан түүхтэй. Одоогоор холбоо нь 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, хороодод салбар зөвлөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

