СҮХБААТАР: Аймгийн алдарт уяач цолтон 21-ээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-02-15 12:49:01

Баруун-Урт 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хурдны өлгий Сүхбаатар аймгийн алдарт уяачийн тоо  21-ээр нэмэгдлээ. Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр аймгийн алдарт уяач цолны болзол, шалгуур  үзүүлэлтийг хангасан 21 уяач цолны үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авлаа. 


Дарьганга нутгаар овоглосон цуут хүлгүүдийн нэг Нэгдлийн тожин хэмээн сумынхаа наадамд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан хурдан буян бий. Зуун дааганы бооцоот уралдаанаас гологдож хасагдсан хоёр дааганы нэгээс төгс шинжийг нь олж харж, сонгож аваад уяж сойсон ахны эзэн нь ААУ Н.Дагвадорж агсан юм. Тожин тухайн үедээ Дарьганга нэгдлийн өмч байсан бөгөөд ААУ Н.Дагвадорж ерөнхий нягтлан бодогчоор нь ажиллаж байсан гэдэг. Ингэж эхэлсэн эзэн, хүлэг хоёрын түүх, бусад хурдан хүлгүүдийнх нь амжилт өнөөг хүртэл дуурсагддаг. Тэгвэл Н.Дагвадорж агсны зээ хүү Т.Мөнх-Эрдэнэ ийнхүү өвөөгийнхөө алдрыг үргэлжлүүлэхийн сацуу 33 насандаа “Аймгийн алдарт уяач” цолонд хүрчээ.


Тэрбээр 2010 оноос хойш улс, бүс, аймагт гурван түрүү зургаан айраг хүртжээ.


Би багаас моринд хайртай байсан. Арван жилийн сурагч байхаасаа өвөө, аав, ах нарыгаа дагаж морины зоон дээр өссөн. Миний өвөө ААУ Н.Дагвадорж, миний аав САУ М.Туяахүү гэж хоёулаа моринд тунчиг нүдтэй, өөр өөрийн гэсэн арга барилтай уяачид байсан. Одоо хоёул тэнгэрт байгаа ч хүүгээ хараад баярлаж байгаа байх. Тэднийхээ залгамж болж, амжилтаа илүү ахиулахын төлөө хичээх болно. Мөн үргэлж дэмжиж тусалдаг гэр бүл, найз нөхөд болон Од хийморь галын хамт олондоо баярлалаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


 

 

Холбоотой мэдээ