Өвс тэжээл, техник тоног төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэл өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл, байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ.
ОБЕГ-ын мэдээлснээр, тус аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 900 тн бүдүүн тэжээл, 68 тн хүчит тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 1372 тн бүдүүн тэжээл, 579 тн хүчит тэжээл, 1.1 тн эрдэс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна. Мөн аймгийн 14 сумын 265 малчин өрхийн 133.4 мянган мал гадны 15 аймгийн 50 суманд отор нүүдэл хийж байгаа бол 120.7 мянган мал өөрийн аймгийн 13 суманд оторлож байна.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улсын гамшгаас
хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, нийслэл, сум
дүүрэг, гамшгаас хамгаалах албаны “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г судалгаанд
үндэслэн бодит байдалд нийцсэн байдлаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангах,
гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд сумдын
сайн дурын хэсгийн үйл ажиллагааг чадавхжуулах, сургалт, дадлагыг зохион
байгуулахыг үүрэг болголоо.
Мөн гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах, шаардлагатай техник тоног төхөөрөмж машин, техникийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг даалгалаа.
Өвөрхангай аймгийн 70 гаруй хувьд цастай, Гучин-Ус,
Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Тарагт
сумдад 11-21 см дундаж зузаантай, 0.27-0.50 г/см3 нягттай байна.
