ДОЛОО ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Өвлийн Олимп ид дундаа үргэлжилж байна

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-02-14 13:42:41

УЛААНБААТАР, 2026 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн өнцөг булан бүрээс тамирчдыг нэг дор цуглуулж, шударга өрсөлдөөн, эв нэгдлийг сурталчилдаг Олимпын наадам Итали оронд өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн явагдсан бол Ази тивийн хүн ард сарны хуанлийн дагуу шинэ оноо угтахад бэлтгэж байна. Мөн дэлхийн 5 улсад болсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дүн гарч, аюулгүй байдлы асуудлаарх уламжлалт бага хурал эхэлснээр Германы Мюнхен хот дэлхийн улс төрийн бодлогын төв болон хувирлаа. Ингээд эдгээр болон дэлхийн дахинд өрнөсөн бусад онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.  


Милан-Кортинагийн Олимп ид дундаа үргэлжилж байна

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын 25 дахь удаагийн их баяр цэнгэл наадам Итали улсын Милан, Кортина-д'Ампеццо хотуудад ид дундаа өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 92 улсын 3000 гаруй тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөж буй энэ удаагийн өвлийн Олимпод Монгол Улсаа төлөөлж А. Ариунбат, Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцож байгаа юм. Одоогийн байдлаар 23 улсын тамирчид медаль хүртсэнээс Норвегийн шигшээ баг 8 алт, 3 мөнгө, 7 хүрэл медальтайгаар тэмцээний хүснэгтийг тэргүүлж, зохион байгуулагч орны тамирчид /6-3-9/, АНУ-ын баг /4-7-3/ удаалж байна.


Такаичигийн түүхэн ялалт

Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлсэн Либерал ардчилсан нам Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуульд итгэл төгс ялалт байгуулж, нийт 465 суудлаас 316-г нь авлаа. Сонгуулийн өмнө ердөө 198 буюу 50 хувьд ч хүрэхгүй тооны суудалтай байсан ЛАН 1955 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш хамгийн олон суудал авсан нь энэ юм. Нөгөөтэйгүүр, энэ бол Дэлхийн II дайнаас хойших хугацаанд Японы аль нэг улс төрийн нам парламент суудлын 2/3-оос дээш тооны суудлыг авсан анхны тохиолдол болж байна. Даваа гарагт сонгуулийн дүн гарсны дараа Токиогийн хөрөнгийн биржийн арилжаагаар Nikkei индекс хоёр өдөр дараалан дээд түвшинд хүрч өслөө. Мягмар гаргийн арилжаа хаагдах үед уг индекс 57.650 нэгжид хүрч 2.3 хувиар өссөн байна. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогоос шалтгаалан эдийн засаг тэлнэ хэмээн хөрөнгө оруулагчид найдаж байна.


АНУ-Азербайжаны түншлэл шинэ шатанд гарчээ

АНУ ба Азербайжан улс мягмар гарагт Стратегийн түншлэлийн Харти байгууллаа. АНУ-ыг төлөөлж дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Азербайжаны талаас Ерөнхийлөгч И.Алиев нар уг баримт бичигт Баку хотноо гарын үсэг зурав.  Уг баримт бичигт, аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийн дотор эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр орны хамтын ажиллагаа, мөн терроризмын эсрэг хамтран ажиллах асуудлыг тусгасан байна. И.Алиев хэлэхдээ, хоёр улсын харилцаа цоо шинэ шатанд гарсныг онцлон тэмдэглэлээ. Хариуд нь Д.Вэнс хэлэхдээ, хоёр талын түншлэл, найрамдалт харилцаа удаан хугацааны туршид дутуу үнэлэгдсээр ирснийг дурдаад, одоо энэхүү түншлэл нь бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчирна гэдгийг онцлон дурдав.


Мюнхен - дэлхийн улс төрийн бодлогын төв

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 62 дахь удаагийн бага хурал баасан гарагт Баварийн нийслэлд эхэллээ. Ням гарагт өндөрлөх тус хуралд 50 орчим улсын төр засгийн тэргүүн нар, тэдний дотор Германы Канцлер Ф.Мерц, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Украины Ерөнхийлөгч В.Зеленский, мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцож байна. Мөн олон улсын 50 гаруй байгууллагын тэргүүн нар, 115 улсын 1000 гаруй төлөөлөгчид Мюнхенд хүрэлцэн иржээ.


Жимми Лай-д 20 жилийн хорих ял оноожээ

Даваа гарагт Хонконгийн Дээд шүүхээс сөрөг хүчний зүтгэлтэн, хэвлэлийн магнат, өдгөө 78 настай Жимми Лай-д 20 жилийн хорих ял оноожээ. 2025 оны 12 дугаар сард Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу "гадаадын хүчин"-тэй хуйвалдсан, үймээн самуун дэгдээх зорилго бүхий материалыг нийтэлсэн гэх хоёр хэрэгт Жимми Лайг буруутгасан байна. Түүнчлэн түүний эзэмшилд байгаад одоо хаагдсан  Apple Daily сонины ажилтнууд болох зургаан хүнийг 6-10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.


Дөрвөн улсад сонгууль боллоо

Өнгөрсөн долоо хоногт Японоос гадна дөрвөн улсад болсон сонгуулийн дүн гарлаа. Барбадос улсын эмэгтэй Ерөнхий сайд Миа Моттли-гийн тэргүүлсэн Лейборист нам лхагва гарагт болсон парламентын ээлжит бус сонгуулиар итгэл төгс ялалт байгуулж, парламентын бүх 30 суудлыг авчээ. Мөн Бангладешт пүрэв гарагт болсон парламентын сонгуулиар Тарик Рахманы удирдсан Бангладешийн Үндэсний нам олонхийн суудал авсан нь 2024 онд Ерөнхий сайд асан Шейх Хасина огцорсноос хойших улс төрийн том үйл явдал боллоо. Түүнчлэн зүүн төвийн үзэл баримтлалтай Социалист намаас нэр дэвшсэн Антониу Жозе Сегуру Португалын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд итгэлтэйгээр ялснаар төрийн тэргүүний үүргийг 5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр болов. Мөн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Анутин Чарнвиракул-ын удирдсан консерватив үзэл баримтлалтай “Тайландын бахархал” нам парламентын доод танхимын 500 суудлаас 200 орчмыг нь авчээ. 8-ны ням гарагт болсон сонгуультай зэрэгцэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал асуулга явагдахад түүнд оролцогчдын 60 орчим хувь нь өөрчлөлтийг дэмжсэн байна.


УИХ-ын дарга ОХУ-д айлчиллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Орос улсад гурван өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрбээр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийснээс гадна Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын II  хуралдаанд оролцож үг хэлэв. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзалт хийж, тус холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн ЕАЭЗХ-ноос зохион байгуулсан бизнес уулзалтад оролцож үг хэлэв.  


Монгол, Хятадын ээлжит яриа хэлэлцээ боллоо

Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун нар ахлан зохион байгууллаа. Ээлжит яриа хэлэлцээний хүрээнд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлогын асуудлаарх байр суурь, олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлууд болон олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Мөн хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хилийн боомт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.


Ирэх долоо хоногт болох онцлог үйл явдлууд:

  • Даваа гарагт дэлхийн исламын шашинтнуудын ариун сар “Рамадан” эхэлнэ
  • АНУ-д Ерөнхийлөгчийн өдрийг тэмдэглэнэ
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын мэдэгдсэнээр, Украины асуудлаарх гурван талт хэлэлцээний дараагийн үе шат 17-18-ны өдрүүдэд Женев хотод болно
  • 16-20-нд Грекийн нийслэл Афин хотноо Хөгжлийн бодлогын хорооны хурал болно
  • Мягмар гарагт Хятадын Цагаан сар буюу Хаврын баяр, вьетнамчуудын Цагаан сар буюу Тет баяр, солонгосчуудын Цагаан сар буюу Seollal баяр эхэлнэ
  • Мягмар гарагт Женев хотноо АНУ-Ираны хэлэлцээ болно 
  • Лхагва гарагт төвдүүдийн Цагаан сар буюу Лосар баяр эхэлнэ
  • 17-18-нд УЕФА-гийн Аваргуудын лигийн тэмцээний плей-оффт шалгарахын төлөөх нэмэлт тоглолтууд болно
  • Баасан гарагт Испанийн Барселона хотноо “Нийгмийн шинжлэх ухааны салбар дахь шинэ чиг хандлагууд” сэдэвт олон улсын 9 дүгээр бага хурал болно
  • 20-22-нд Лондон хотноо Боловсролын инновацын асуудлаарх дэлхийн IV бага хурал болно
  • 14-22-нд Бразилын Рио де Жанейро хотноо эрэгтэй теннисчдийн Rio Open тэмцээн явагдана
  • 6-22-нд Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадам үргэлжилнэ
  • 16-22-нд АНЭУ-ын Абу Даби хотноо дугуйн спортын UCI Cycling World Tour тэмцээний ээлжит гараа явагдана
Холбоотой мэдээ