ӨВӨРХАНГАЙ: Х.Бат-Эрдэнэ аваргынх мал сүргээ чанаржуулахад онцгой анхаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хамт Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт багаас “Улсын аварга малчин”-аар шалгарсан Хорлоогийн Бат-Эрдэнэд аваргын шагналыг хотонд нь гардууллаа.
Х.Бат-Эрдэнэ 1990 оноос эхлэн мал маллаж, сүүлийн арван жилд мал сүргээ мянгаас дээш тоолуулан үүлдэр угсааг нь чанаржуулж, цөм сүргийг бүрдүүлж яваа шилдэг тэргүүний малчин юм.
2017 онд “Сумын аварга малчин”, 2020 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж, 2023 онд 300 ямаанаас 300 төл бойжуулан “Алтан ишиг”-ний эзэн болжээ. Тэднийх ямаагаа Баяндэлгэрийн улаан, хонио Баянгол омгийн хээлтүүлэгчээр, үхэр сүргээ махны чиглэлээр, адуугаа хурдан удмаар цус сэлбэсэн байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд булаг ус хаших, бусдыг малжуулах, сумын томоохон наадам, сургалт зөвлөгөөнийг ивээн тэтгэхээс гадна татвар, нийгмийн даатгал, Улаан загалмайн онцгой гишүүний татварыг жил тутамд төлж, адуун сүргээ малын индексжүүлсэн даатгалд хамруулжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар сум, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуу малчдад баяр хүргэн санал сэтгэгдлийг нь сонслоо.


Улаанбаатар