ХОВД: Жаргалант суманд 300 гаруй тариаланч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-13 18:53:51

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын аварга малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.

 

Энэ хүрээнд аваргуудад шагнал гардуулах ёслолыг Ховд аймагт зохион байгуулж байна.

 

Ховд аймгийн Жаргалант суманд 300 гаруй газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж бий. Энэ жил тус сумаас хоёр өрх “Аймгийн аварга тариаланч” цол хүртлээ.


 Буянт багийн иргэн Тэгшээгийн Шүрхүү, гэргий Дэмидийн Чанцалдулам нарын шагналыг энэ сарын 12-нд гардууллаа.   

  

Тэд газар тариалангийн салбарт 34 жил ажиллаж байна. Дөрвийн газар болон Буянт сумын нутагт 4-4.5 га талбайд 6-7 төрлийн хүнсний ногоо тарихаас гадна хадлан бэлтгэдэг.

Жилд дундаар 30-40 тонн ургац хураан авч, орон нутгийн хэрэглэгчдэд эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй.

Түүнчлэн байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг чухалчилж, 400 гаруй мод тарьжээ. Үүний 60 орчим нь жимсний мод юм.

Газар тариалангийн ажил бол гэр бүлийн хамтын хүч, хөдөлмөр байдаг. Тэдний ажилд хүүхдүүд нь үргэлж тусалдаг бөгөөд намар, хаврын улиралд 2-3 өрх, 15-20 хүнийг түр ажлын байраар хангаж байна.

 

Сар шинийн босгон дээр Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Гончигийн Алтанхуяг, гэргий Даваацэрэнгийн Оюундэлгэр нар “Аймгийн аварга тариаланч” цол хүртэлээ.


Тэд газар тариалангийн салбарт 30 жил ажиллаж байна. Дөрвийн газарт 2 га орчим талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг бөгөөд жилд 20-30 тонн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. 


Аймгийн аварга тариаланч Г.Алтанхуяг 2023 онд Ховд аймгийн “Баян арвижих” ногоочдын холбоонд гишүүнээр элссэн бөгөөд залуу тариаланчдад туршлагаасаа хуваалцаж, хоёр өрхийг ажлын байраар хангаж байна.

Мөн хавар, намрын улиралд 20-30 хүнийг түр ажлын байраар хангаж байгаа бөгөөд орон нутгийн брэнд үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог.

Тэрбээр өөрийн тариалангийн талбайд хөрсийг хамгаалах, эко орчин бүрдүүлэх зорилгоор 10 гаруй улиас, бургас мод тарьж, хамгаалалтын зурвас бий болгожээ.

Аварга тариаланчийн шагналыг Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Б.Амартүвшин тэргүүтэй албаны төлөөлөл гардуулан өгч баяр хүргэлээ.  


Ташрамд, Ховд аймагт 3000 гаруй тариаланч байгаа ба өнгөрсөн онд 30 мянга орчим тонн ургац хураан авч зах зээлд нийлүүлжээ. 

Холбоотой мэдээ