Ижил нэртэй хосын "эндүүрэл"

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-02-16 08:47:51

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Би "Биокомбинат" ТӨХХК-д тасгийн эрхлэгчээр ажилладаг. 


Нөхөр бид хоёр хар багаасаа нэгнийгээ мэддэг. Увс аймгийн Зүүнговь сумын 10 жилийн сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Нэг ангиас гэр бүл болохыг алийг тэр гэх вэ дээ. Гэхдээ бид хоёрт хүмүүсийг гайхашруулдаг нэг зүйл байдаг нь ижилхэн нэртэй. Аав ээжийгээ их "айлгадаг" байсан гээд нэр авсан түүх нь ч адилхан даа. Нөхрийг минь Найжаагийн Нэргүй, намайг Баатархүүгийн Нэргүй гэдэг. 


Гэр бүл болоод хуримын урилга тараахаас эхлээд "Нэрийг нь андуураад биччихсэн юм уу" гээд л. Хүмүүс хүүхдүүдээс маань “Аав чинь Нэргүй юм уу, ээж чинь Нэргүй юм уу" гэж байнга хошигнож цаашлуулж асуух жишээтэй. Бичиг баримт хөөцөлдөхөд бол бүр хөгжилтэй. Банк бол ёс юм шиг асууна. “Та хоёр нэг нэр биччихлээ, тус тусдаа өөрийнхөө нэрийг бичнэ үү” гэх нь олонтаа. Бид хоёр ч сүүлдээ энэ байдалдаа бүүр дасчихсан. “Овгийг нь хар даа” л гээд инээгээд зогсож байдаг болсон доо.

Ер нь манай улсад ижил нэртэй хос 340 байдаг юм билээ.


"Биокомбинат" ТӨХХК-ийн тасгийн эрхлэгч Б.Нэргүй

Холбоотой мэдээ