Бортээгт хөрөнгө оруулж хамтран ажиллах сонгон шалгаруулалтыг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжээс санал авах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Шалгарсан хөрөнгө оруулагч нь Бортээгийн хэсгийн тусгай
зөвшөөрлийг шилжүүлэхгүйгээр олборлох, боловсруулах,
борлуулах, тээвэрлэх дамжлагыг багтаасан дэд бүтэц,
бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөр бий болгоно. Төслийг хэрэгжүүлэхдээ
борлуулалтын орлогыг захиалагчтай хуваалцах “хосолсон” загварын дагуу санал ирүүлэх
бөгөөд төсөл хэрэгжүүлэх хугацаанд
Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас багасгахгүй байх зарчмыг баримтлах юм. Мөн дотоодын аж ахуйн
нэгжүүдийг уг сонгон шалгаруулалтад оролцоход давуу талтай байх зохицуулалтыг
тусгасныг "Эрдэнэс Тавантолгой" компани мэдээлэв.
Тавантолгойн Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж хамтран
ажиллах сонгон шалгаруулалт 30 хоног үргэлжилнэ.

Нийт 424,2 сая тонн нүүрсний нөөцтэй Бортээгийн орд нь жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, нөөцийн 95 хувь нь сул коксжих, 5 хувь нь эрчим хүчний нүүрс эзэлдэг. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар манай улсын гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн орлого, татвар төлөлт, Баялгийн сангийн хуримтал нэмэгдэх үр ашигтай юм.


