БУЛГАН: Хөдөө аж ахуйн салбарын манлайлагчдад шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг малчин, саальчин, фермер, тариаланч, хамт олонд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.
2025 онд мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлж, үүлдэр угсааг сайжруулан, эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулан хөгжүүлсэн, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд тууштай ажилласан эрхмүүдэд шагналыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир нар гардууллаа.
Мөн газар тариалангийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж, ургацын чанар, хэмжээ, хадгалалт, борлуулалтад бодит ахиц гаргасан тариаланчид, хамтын ажиллагаагаа үлгэрлэн хэрэгжүүлсэн хамт олныг өндрөөр үнэлэн шагнал гардуулсан байна.
"Аймгийн хошой аварга малчин"-аар 3 өрх, "Аймгийн аварга малчин"-аар 49 өрх, "Аймгийн аварга саальчин"-аар 3 иргэн, "Аймгийн аварга фермер"-ээр 1 иргэн, "Аймгийн аварга тариаланч"-аар 5 иргэн, "Аймгийн аварга тариаланч хамт олон"-оор 1 байгууллага, "Аймгийн тэргүүний мал эмнэлэг, үржлийн нэгж"-ээр 1 байгууллага, "Аймгийн тэргүүний мал аж ахуйн мэргэжилтэн"-ээр 1 иргэн тус тус тодорлоо.
Энэхүү ёслолд аймаг, сумдын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд, шагналтнууд болон тэдний гэр бүл оролцож, хүндэтгэл илэрхийллээ.





