ГОВЬ-АЛТАЙ: "Денан” төслийн санхүүжилтээр Чандмань суманд эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-02-13 14:10:45

Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань сумын сургууль болон дотуур байр гүний худагтай болж, багш, сурагчид илүү тав тухтай орчинд хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдлээ.


Хүүхдийг ивээх сан АНУ-д төвтэй “Денан” төслийн санхүүжилтээр 2023 оноос эрүүл мэндийн төслийг Говь-Алтай  аймгийн Чандмань суманд хэрэгжүүлж байгаа билээ.


Төслийн 2025–2026 оны төлөвлөгөөний дагуу Чандмань сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд гүний худаг гаргах ажлыг 2025 оны 10 дугаар сард хэрэгжүүлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн сургуулийн удирдлагад хүлээлгэн өгчээ


Гүний худгийг ашиглалтад оруулснаар тус сургуулийн 485 сурагч ундны устай болж, ариун цэврийн өрөөг ашиглах нөхцөл бүрдэв. Одоогоор бага сургуулийг устай холбосон бөгөөд бусад барилга байгууламжийг үе шаттайгаар холбохоор ажиллаж байна.


Худгийн усыг ундны усны зориулалтаар ашиглахын тулд хатуулгийг бууруулан шүүлтийн систем суурилуулахыг зөвлөсний дагуу сургуулийн удирдлага сурагчдын өвлийн амралтын үеэр гал тогооны хэсгийг шүүлтүүртэй холбожээ. Цаашид сургуулийн дотуур байр, дунд ахлах ангийн сурагчдын хичээлийн барилгыг худагтай холбохоор ажиллаж байгаа тухай “Денан” төслөөс танилцууллаа.

Холбоотой мэдээ