ӨВӨРХАНГАЙ: Удам дамжсан "Улсын аварга малчин" цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-13 13:32:21

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сант сум энэ жил 27 дахь улсын аваргаа өлгийдөн авч, хүндэтгэл үзүүллээ. Цариг багийн малчин Т.Мягмарчулуун 2005 оноос мал маллаж эхэлсэн ба 2010 онд Д.Энхжаргалтай ханилан өрх тусгаарлаж, буянт мал сүргээ өсгөн үржүүлэх, чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.


Хөдөлмөрийнхөө үр шимээр 2005 онд “Мянгат малчин”, 2010 онд “Сумын сайн малчин”, 2011 онд “Аймгийн аварга малчин”, 2018 онд “Алтан хурганы эзэн”, 2025 онд “Алтан унаганы эзэн” болж байсан бол энэ жил “Улсын аварга малчин”-аар шалгарч, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн тэргүүтэй албаны хүмүүс шагналыг гардуулан өглөө.


Тэднийх 2025 оны жилийн эцсээр 2300 толгой мал тоолуулж, Зодохын нуруу хэмээх газар өнтэй өвөлжиж байна. Энэ жил эдийн засгийн эргэлтэд 700 гаруй мал борлуулсан байна.



Түүний ах Ё.Сугар аймгийн таван удаагийн аварга бол хүргэн ах Ч.Болоож, Н.Наран, В.Эрдэнэдалай нар “Улсын аварга малчид” бөгөөд мал маллах арга туршлагаа хуваалцан нэгэндээ тус дэмтэй явснаар улсын аваргын шагналыг удам дамжин авч байна.


Т.Мягмарчулуун аваргын ээж Д.Төмөр-Уяа гуай насаараа мал маллаж ирсэн бөгөөд өдгөө наян насны босго давсан ч аварга хүү, хүргэдүүддээ үг сургаалиа айлдан арга туршлагаа заасаар явна. Тэрбээр "Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрт сургасан. хөдөлмөр л хүнийг хүмүүжүүлдэг" гэж байлаа.


Аварга малчин Т.Мягмарчулууных нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа төсөвт байгууллагуудад сүү, цагаан идээ нийлүүлэх, хандив тусламж үзүүлэх, ажилгүй иргэдийг ажлын түр байраар хангах зэрэгт идэвх санаачилгатай оролцдог аж. Тэрбээр энэ хугацаанд 15 өрхийг 500 гаруй малаар малжуулжээ.

Холбоотой мэдээ