АРХАНГАЙ: Үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотыг 2026 оноос эхлэн аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байна.
Аялал жуулчлал бол зөвхөн байгалийн сайхан биш харин иргэн, аж ахуйн нэгж бүрийн үзүүлж буй чанартай үйлчилгээ, стандарт юм. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, Байгаль орчны газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран Шатахуун түгээх станцын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 12-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр:
-Хууль, стандартын хэрэгжилт: Салбарт мөрдөгдөж
буй дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх,
-Орчны тохижилт: Аялагч, жуулчдад таатай
сэтгэгдэл төрүүлэхүйц гадна тохижилт болон ариун цэврийн байгууламжийн стандарт,
-Үйлчилгээний чанар: Зочлох үйлчилгээний соёл,
харилцаа хандлагыг сайжруулах,
-Аюулгүй байдал: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд ээлтэй ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид ариун цэврийн байгууламж, гадна тохижилт, ногоон байгууламжаа нэмэх ажлыг хийхээр болсон байна.
Аялагчдын зогсдог хамгийн эхний цэг бол ШТС байдаг. Тиймээс хамтын хичээл зүтгэл Цэцэрлэг хотыг зорин ирэх жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм.
Ирэх саруудад уул уурхай, авто зам, эрчим хүчний салбарын
уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ.