“Дашчойлин” хийдийн нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-02-13 10:54:44

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр бадруулагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан “Майдар бурхны авшиг” аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Алдар спорт хороо, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв.


Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, Аврагч спорт хороо, Говийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баянсүх нар шалгарлаа. Харин дунд шөвөгт аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн хурц арслан Г.Төрмөнх, аймгийн арслан Б.Цагаанбанди, Б.Бат-Эрдэнэ нар үлдэв.


Ташрамд дурдахад, Сар шинийн уламжлалт барилдаанд улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзан, аймаг, цэрэг, сумын цолтой 83 бөх шууд оролцоно. Бусад бөх урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах юм. Тэгвэл эрх олгох барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 15-нд болно. 





Холбоотой мэдээ