ХОВД: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж санал авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-13 00:23:49

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасангаар ахлуулсан ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ хэлэлцүүлэг өрнүүллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлаж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхэлсэн байна. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж батлуулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. 

Уг ажлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ховд аймагт болсон хэлэлцүүлэгт иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын багийн ахлагч Ц.Өнөрнасан “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл”-ийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар  танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг сонслоо.

Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал салбар бөгөөд улсын орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувь, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг ажээ. Иймд хууль эрх зүйн орчныг шинэчлэх нь салбарын тогтвортой хөгжлийг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Ажлын багийнхан орон нутгаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусгахаар төлөвлөсөн талаар Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Оролцогчид уул уурхайг байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах шинэ технологийг нэвтрүүлэх, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл (лиценз)-ийг зохистой олгох, хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарах, мөн үүнд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон санал хэллээ.


Холбоотой мэдээ