БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчид монгол үндэсний хувцсаа сурталчилж байна
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчид Сар шинийн баярыг угтан монгол үндэсний дээл хувцсаараа гоёж, долоо хоногийн турш албандаа өмсөн, өв соёлоо сурталчилж байна.
Үндэсний хувцсаар гангарах аянд аймгийн болон бүх сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, бусад төрийн байгууллагын албан хаагчид, оюутан, сурагчид хамрагдаж Сар шинийн баярын өв уламжлалыг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.
Үндэсний дээл, хувцасны загвар жил ирэх тусам шинэчлэгдэн, уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан олон төрлийн дизайн гарч ирдэг болсон. Сүүлийн үед төрийн албан хаагчид үндэсний загварын цамц, хантаазыг өдөр тутамдаа өмсөх хандлага нэмэгдэж байна.
Сонирхуулахад, Баян-Өлгий аймаг 120-иод мянган хүн амтай бөгөөд хүн амын дийлэнх хэсгийг казахууд бүрдүүлдэг. Мөн урианхай, дөрвөд, тува зэрэг ястан тус аймагт оршин суудаг. Аймгийн хэмжээнд 8000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа нь орон нутгийн удирдлага, төрийн үйлчилгээг тасралтгүй, тогтвортой явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ удаад аймгийн ЗДТГ-ын Архивын хэлтсийн алба хаагчид монгол үндэсний хувцастайгаа ажлаа хийж буйг онцоллоо.



