ХӨВСГӨЛ: Э.Эрдэнэдаваа жилд дунджаар 15-20 центнер ургац авдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Гал морин жилийн босгон дээр Тариалан сумын иргэн Эрдэнэбилэгийн Эрдэнэдаваа “Аймгийн аварга тариаланч” цол хүртэж, шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх гардууллаа.
Э.Эрдэнэдаваа нь 1999 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, сумын тэргүүний механикжуулагчдын нэг юм.
Тэрээр техник, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, сул зогсолт, эвдрэл саатал гаргахгүйгээр жигд ажиллагааг ханган ажилладаг бөгөөд орчин үеийн техникүүдийг чадварлаг эзэмшжээ.
Мөн тэрээр хөрсний үржил шимийг дээшлүүлэх, тэжээлийн болон сэлгээний таримал тариалах, өндөр уулын бүсэд тохирсон үр, сортыг нутагшуулах, хөрс хамгааллын арга, технологийг нэвтрүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байна.
Жил бүр 50-100 га талбайд ногоон бордоот уринш болон сэлгээний таримал тариалж, "CASE-3" комбайнаар ургацыг чанартай хураан, нэг га-гаас дунджаар 15-20 центнер ургац авч, агро техникийн бүх шаардлагыг мөрдөн ажиллаж байна.

