Н.Дамдиндорж: Урианхай туулийн өв, цуурын эрдмийг 40 гаруй жил сурталчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
Энэхүү шагналыг ССАЖЗ-ын сайд
Ч.Ундрам гардуулах үеэрээ, Монголчуудыг
дэлхийд ондоошуулж, онцгойруулж буй зүйлсийн нэг нь соёлын биет бус өв юм. Аялал
жуулчлалын салбарт ч жуулчид манай нүүдэлчин ахуйд суурилсан биет бус өв соёлыг
үзэж танилцахаар ирдэг. Иймээс өвлөн уламжлагчдыг бодлогоор дэмжиж, хамтран
ажиллах нь чухал” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Энэ жил тууль хайлагч өвлөн уламжлагч шалгарсанд баяртай байна. Тууль хайлах уламжлалын өвлөн уламжлагчдын тоо буурч байгаа хэдий ч баруун бүсийн аймгууд идэвхтэй ажиллаж, сэргээх чиглэлд тодорхой ажил хийж байна. Соёлын яамнаас улсын томоохон үйл ажиллагаанд тууль хайлах өвийг түлхүү оролцуулахыг зорьж байгаа. Энэ жил Цагаан сарын шинийн 15-нд урианхай тууль хайлах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Туульч Н.Дамдиндорж ярихдаа, “Би 1992 оноос Ховд аймгийн Дуут суманд шавь бэлтгэж, хойч үедээ өв соёлоо өвлүүлэн
үлдээх эрхэм үүргийг хүлээн ажиллаж ирсэн. Төрж өссөн нутагтаа тууль, цуурын
эрдмийг сурталчилж, одоогоор 700 гаруй шавьтай болж, энэ өвийг уламжлуулан зааж
байна. Миний дараагийн үеийг үргэлжлүүлж яваа залуу н.Батхүрэл “Оюунлаг”
сургуульд хөгжмийн багшаар ажилладаг. Бид Төрийн туульч, СГЗ А.Балдандорж
гуайтай нэг үеийн үеэл, ах дүү нарын хүүхдүүд. Удмаараа энэ өвийг тээж, 40 гаруй жилийн турш сурталчилж ,хамгаалж, хойч
үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна. Урианхай баатарлаг туулиуд
уртаасаа хамааран 24-48 цаг үргэлжилдэг. Тууль хайлахад их хүч шаарддаг. Урианхай
тууль хоолой, амьсгалаа шахаж хайлдгаараа онцлог тул бусад нутгийн туулиас
ялгаатай. 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд Алтайн магтаал зааж, товшууртай харьцаж
сурахаас эхэлдэг. Харин 9-12 дугаар ангид ороход хоолой нь сууж, баргилдаж
эхлэхээр тууль зааж сургалтад хамруулдаг. Гэвч сургуулийн
хүүхдүүд 12 дугаар анги төгсөөд сонгосон мэргэжлээрээ явдаг тул тууль тасалдах тохиолдол бий. Иймээс 18 нас хүрсэн залуучуудад зориулсан
сургалт илүү үр дүнтэй” гэв.
Тэрбээр урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм. Тэрбээр “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцож байжээ.
Н.Дамдиндоржийн
Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж
байгаа жинтэй хувь нэмрийг ийнхүү үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар
шалгаруулсан байна.

