БУЛГАН: Аймгийн анхны мянгат адуучин С.Батхуяг Улсын аварга малчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-13 17:18:07

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нутаг усандаа "Адуучин Сүрэнхор" хэмээн алдаршсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, "Улсын чанарын аварга саальчин" ээжийнхээ алдрыг бататгасан Булган аймгийн Могод сумын Жаргалант багийн малчин С.Батхуяг, түүний гэргий Б.Оюунцэцэг нар ‘Улсын аварга малчин өрх’ шагналыг гардан авлаа.


С.Батхуяг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 1050 адуу тоолуулж, Булган аймгийн анхны мянгат адуучин болсон юм.


Тэрбээр 1993 онд 150 толгой малтайгаар бие даан мал маллаж эхэлснээс хойш өдгөө 32 дахь жилдээ хөдөлмөрлөж байна. Энэ хугацаанд отор нүүдлийг оновчтой зохион байгуулж, мал сүргийнхээ тоо толгойг олон жил дараалан 105-118.5 хувиар өсгөж, эх малаас 110-119 хувийн төл бойжуулан онд мэнд оруулжээ.


Түүнчлэн малын амьдын жинг 20-25 кг-аар нэмэгдүүлж, хурганы дундаж жинг 48 кг, эм хонийг 59-70 кг-д хүргэн өсгөсөн байна. Ингэснээр тарга хүчний үйлдвэрлэлийн даалгаврыг 110.2-118.6 хувиар тогтмол давуулан биелүүлж иржээ. Мөн 2010 оноос хойш малын тоо толгойг дөрвөн төрлөөр нэмэгдүүлж, 1000-2000 толгойд хүргэн өсгөсөн байна.


Түүний аав Сүрэнхор нь “Оч нэгдэл”-ийн 500 гаруй адууг 20 гаруй жилийн турш тасралтгүй хариулж, Хульжийн гол нутагтаа “Адуучин Сүрэнхор” хэмээн олонд хүндлэгдсэн туршлагатай адуучин байв.


Булган аймгийн Могод сумаас төрсөн 12 дахь Улсын сайн малчин С.Батхуяг нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр зургаан удаа сонгогдон ажиллаж, малчдын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэж иржээ. Малчин хүн зөвхөн малдаа эзэн байхаас гадна нутаг орондоо түшиг тулгуур байх ёстойг тэрбээр үйл хэргээрээ үлгэрлэн харуулж байна.


Сүүлийн жилүүдэд тэрээр нутгийн залуучуудыг дэмжин 1500 орчим толгой мал таслан өгч малжуулсан төдийгүй орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нийт 180 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Могод сумын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.









Холбоотой мэдээ