ЗАВХАН: XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Угсаатны зүйн танхимд XIX-XX зууны үед хамаарах шармал, мөнгөн, модон зэрэг хийц бүхий бурхдын 30 орчим бүтээл хадгалагдаж байна.
Тэдгээрийн дотор долоон мэлмийт “Цагаан дара эх” бурхны алтан шармал бүтээл онцгой байр суурь эзэлдэг. Уг бүтээлд алтан өнгөт лагшинтай, долоон мэлмийт Цагаан дара эхийг очир завилгаагаар саран мандал дээр залран суусан байдлаар дүрсэлжээ.
Баруун мутраараа дээдийн өглөгийн мутарлага үйлдэж, зүүн мутраараа бадам цэцгийн ишнээс чимхэн, цэцэг навчаар хүрээлсэн номын гэрлийн өмнө амарлингуй дүрээр залран буйгаар урласан байна. Тэрбээр ногоон өнгөт эрдэнийн титэм, зүүлт, торгон өмсгөлөөр гоёжээ.
XX
зууны үеийн энэхүү алтан шармал бүтээлийг урласан дархны нэр тодорхойгүй бөгөөд
музейн сан хөмрөгт үзмэр цуглуулгын журмаар бүртгэгдэн хадгалагдаж байна.