УВС: Шагайн харвааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны хоёрдугаар
сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан үндэсний шагайн харвааны тэмцээн Улаангом суманд энэ сарын 11-нд боллоо.
Тэмцээнд 82 харваач цэц мэргэнээ сорин
өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын Харьшгүй мэргэн нэг, Улсын хүндэт мэргэн хоёр,
Аймгийн гоц мэргэн 11, Сумын мэргэн хоёр, 60 гаруй залуу харваач оролцсон чансаа
өндөр тэмцээн болжээ.
Багийн харвааны төрөлд Д.Басан ахлагчтай “Хан хархираа”
баг тэргүүлж, сар шинийн түрүүг авсан бол удаах байруудад Э.Жаргалсайхан
ахлагчтай “Алтан дуулга” баг, Б.Мондгор ахлагчтай “Хөхүйн цэц” баг, Г.Эрдэнэбат
ахлагчтай Ховд аймгийн “Жаргалант цэц” багууд тус тус шалгарлаа.
Тэрчлэн орон нутгийн өв соёлыг тээсэн Ойрад шагайн
харвааны төрөлд Э.Жаргалсайхан ахлагчтай Өндөрхангай сумын баг тэргүүлсэн бол Ж.Даваацэрэн
ахлагчтай “Улаангом” баг, Б.Батнасан ахлагчтай “Хяргас” сумын багууд удаалсан
юм.
Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваанд Зүүнговь сумын
сумын мэргэн Ц.Балжинням түрүүлж, Улсын харьшгүй мэргэн Ж.Даваацэрэн удаах
байрыг эзэлсэн бол Өсвөрийн харваачдын төрөлд Өндөрхангай сумын харваачид эхний
гурван байрыг “шүүрдлээ”.

Тэмцээнийг Увс аймгийн Биеийн тамир спортын газар,
“Ойрадын мэргэчүүл” шагайн салбар холбоотой хамтран зохион байгуулж, “Хишигт хүнс гурван тэрмэс” ХХК-ийн захирал Д.Алтантуяа, “Увс хүнс” ХК-ийн захирал
Л.Нямгэрэл нар ивээн тэтгэж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд
үнэтэй хувь нэмрээ орууллаа.
Үндэсний шагайн харваан тэмцээнийг Увс аймагт Сар шинийн баярын өмнө тогтмол зохион байгуулддаг уламжлалтай.

Улаанбаатар