Монголд автобусаар явах ч сонирхолтой

МОНГОЛ ХЭМНЭЛ
oyundelger@montsame.gov.mn
2026-02-27 11:14:03

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголд 2019 онд анх хөл тавьснаас хойш хэд хэдэн удаа ирсэн. Монгол хэл сурахаас гадна зүү ороох урлагт бүр дурлачихаад байгаа. Даалингаа битүүлж дүүргэх мэдрэмж их гоё. Монголын хээ угалзны утга учрыг мэдэх тусам илүү их сонирхох болсон. 


Түүнээс гадна монголын өдөр тутмын амьдрал маш их таалагддаг, сонирхолтой, амьд харилцаатай. Автобусанд ч явахад ч гоё. Надтай яг л өөрсдийнхөө нэгэн адил халуун дулаан харилцдаг. Гудманд алхаад явж байхад “Хөөе, миний дүү” гээд юм асууна. Нэг удаа танихгүй хүн банканд картаа өгөөд, “Мөнгөний машинаас мөнгөө авах гэсэн юм, заагаад өгөөч” гэсэн. Би “За” гээд тусалсан ч "Ямар сонин юм бэ, муу хүн тааралдвал яана" гэж бодсон. Энэ мэт гайхмаар олон зүйл тохиолддог. Японд ийм зүйл огт болохгүй.


Монголд өөрийгөө гадаад хүн гэж мэдэрдэггүй учир монгол хэлийг нь сайн сурахыг хичээдэг. Дөнгөж сая та ч бас, “Даалинг чинь сонирхож болох уу, та урласан уу” гээд огт танихгүй мөртлөө надтай шууд ярьж эхэллээ шүү дээ. Найрсаг, хэзээний танил юм шиг харьцдаг энэ зан чанар надад маш их таалагддаг, бас сонирхолтой.


Мэдээж хэцүү санагдах, дургүй зүйл бий. Хэцүү зүйл нь ч миний дурсамжийн нэгхэн л хэсэг. Гэхдээ дургүй бол би эргээд ирэхгүй шүү дээ. Нутаг буцсан ч Монголыг санаад, үргэлж эргэж ирэхийг хүсдэг дээ. 


Японы иргэн, сувилагч Саори Мацүмото

Холбоотой мэдээ