Сар шинийн цувралын гурав дахь барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн цуврал аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжиллээ.
Энэхүү барилдаанд 176 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сэлэнгийн Бодонгууд” клубын бөх, аймгийн начин О.Пүрэв-Очир үзүүрлэв. Шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн начин М.Өгөөдэй шалгарсан бол дунд шөвөгт харцага Б.Өнөржаргал, аймгийн өсөх начин Г.Ганзориг, аймгийн начин Г.Батзориг нар шалгарлаа.
Сар шинийн цуврал “Дашчойлин” хийдийн нэрэмжит “Майдар бурхны авшиг” аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар өнөөдөр үргэлжилнэ. Тус барилдаанд аймгийн арслан цолтой 116 бүртгүүлсний 19 нь хурц чимэгтэй байна.