БАЯН-ӨЛГИЙ: “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-02-11 21:04:48

Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хүүхэд бүрд тэгш боломж олгож, сурч хөгжих орчныг сайжруулах зорилготой “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр боллоо.


Өнөөдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа болж, талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Төсөлд аймгийн төвийн дөрвөн сургууль болон нэг сумын сургууль хамрагдаж, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Нээлтийн ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар, Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар оролцлоо.


Энэхүү санамж бичиг нь талуудын хамтын хүчин чармайлтаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, багш, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын ойлголт, хандлагыг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх үндэс суурь болох юм.


Аймгийн удирдлагууд уг төсөл нь орон нутгийн боловсролын салбарт бодит ахиц авчирч, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх чухал алхам болно гэдгийг онцоллоо.


Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгчид төслийг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллага, сургууль, эцэг эх, олон нийттэй нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.





Холбоотой мэдээ