ХӨВСГӨЛ: “Хөх сувд-2026” мөсний наадам 3 дугаар сарын 2-4-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-11 17:05:52

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/"Хөх сувд-2026" мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал суманд 3 дугаар сарын 2-4-нд болно.


Мөсний наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм.


Тус наадмыг сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй хүн үзэж оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын олон зочин, төлөөлөгчид зорин ирдэг болжээ.

 

Энэ үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав ээж-би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг олон үйл ажиллагаа тогтмол болдог.


Мөсний наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.








Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газарт мөсний баяр зохион байгуулж, арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байжээ.


Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлж, өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болон өргөжин хөгжиж байна.

 

Холбоотой мэдээ