СҮХБААТАР: Өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж сайжирч, зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-02-12 06:26:05

Баруун-Урт, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хоёр хоног үргэлжилсэн “Цагаан сар бидний хэрэглээ-2026” үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэрлэгчид 50 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцсон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, чанар сайжран, сав баглаа боодол шинэчлэгдэж, өнгө үзэмж нь дээшилсэн нь хэрэглэгчдийн таашаалд илүү нийцэж буйг зохион байгуулагчид онцоллоо.

Түүнчлэн орон нутагтаа төдийгүй бүс, улсын хэмжээний зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж, өрсөлдөх боломж бүрдсэнийг дурдав.


15 дахь жилдээ зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар аймгийн 9 сум болон Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймгийн 40 гаруй үйлдвэрлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн 286 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцжээ.



“Баян шарга” арьсан урлалын цехийн хамт олон энэхүү үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог. 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй тус цехийн хамт олон 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Энэ удаад 20 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэн танилцуулснаас сар шинийн баярт зориулан урласан арьсан бүс, тэлээ эрэлт ихтэй байв.



Харин “Чамбай Дарьганга” сархад онцлох бүтээгдэхүүн байлаа. Дарьгангын уламжлалт аргаар, ширмэн тогоонд нэрсэн энэхүү нэрмэл архийг орон нутгийн онцлогийг шингээсэн сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэжээ.

950 граммын битүүмжлэлтэй савлагаатай сархад, шавраар урласан хос тагш, арьсан цүнх зэрэг иж бүрдэл нь хүндэтгэлийн идээ болгож барих, холоос ирсэн зочин гийчиндээ гардуулах бэлгийн төгс сонголт болж байна.


Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалт сайн, хүн бүрийг хамруулж чадсан, заал талбай томтой учир саруулхан, тав тухтай байгааг оролцогчид ярилаа.

Холбоотой мэдээ