Учир нь домбонд хийсэн цай нь данханд хийсэн цайнаас удаан хугацаанд дулаанаа хадгалж, мөн тавлаж хийсэн цайны орц нь жигд тархдагаараа онцлогтой.
ХОВД: Домбонд хийсэн цайны орц жигд тархдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Домбо нь цоргогүй, шингэн хадгалах сав бөгөөд Баруун монголчууд, ялангуяа Ховд аймгийн захчин угсаатан эртнээс амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн уламжлалт хэрэгсэл юм.
Манхан, Зэрэг сумын захчин угсаатнууд уг домбыг үе дамжин нандигнан хадгалж, өнөөг хүртэл ахуйн хэрэглээндээ ашиглаж байна.
Ховд аймгийн музейд Дарви сумын Дэлгэрийн хийдэд хэрэглэж байсан 16 литр багтаамжтай, зургаан бүслүүртэй, 12 кг жинтэй зэс домбыг хадгалж байна.
Энэ домбо нь он цагийн хувьд XIX-XX зууны үед холбогдоно.
Домбыг хийдийн лам нар ном хурах үеэр цай бэлтгэж уухад хэрэглэдэг байсан бөгөөд XIX зууны язгууртан айлууд ч домбо хэрэглэж ирсэн түүхтэй.
Сүүлийн үед сар шинийн баяр болон бусад уламжлалт баяр,
ёслолын үеэр иргэд домбо хэрэглэх нь нэмэгдэж буй. Мөн Ховд аймгийн зарим иргэд
мод, зэс зэргийг ашиглан уламжлалт арга технологийн дагуу цайны домбо урлаж
байна.