БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн багийн иргэд Нийтийн хурлын үйл ажиллагаанд оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд багийн иргэдийн Нийтийн хурлыг өнгөрсөн оны сүүлээр Баяннуур сумаас эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ долоо хоногт аймгийн төв Өлгий сумын 12 багт хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Баян-Өлгий
аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 13 сум, 1 тосгон, 100 гаруй багаас
бүрддэг бөгөөд аймгийн хэмжээнд багийн иргэдийн Нийтийн хурлыг өнгөрсөн оны
сүүлээс хуралдуулж эхэлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “Иргэдийн нийтийн хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгосон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж заасан байдаг.
Иргэдийн нийтийн хурлын үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд баг, хорооны иргэдийн төлөөллийг хангах зарчмаар зохион байгуулдаг. Хуралдааны хүчин төгөлдөр байдлыг хуулиар тодорхойлсон бөгөөд аймгийн хэмжээнд зохион байгуулж буй ИНХ-ын хурлууд элдэв маргаангүй, иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал хураалтыг нууцаар шударга явуулж байгаад иргэд талархаж байна.