ЗАВХАН: Нийт нутгийн 23 хувь нь зудын их эрсдэлтэй үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-11 14:57:24

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын 109 багийн нутагт цасны хэмжилт судалгаа хийж, өвөлжилтийн эрсдэлийг тооцсон талаар Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 93 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 1-38 см, цасны дундаж нягт 0.10-0.28 гр/см.куб, хунгарласан хэсэгтээ 20-80 см, хөрсний зузаан 2-14 см байна.


Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу хийсэн зудын үнэлгээгээр 12 сумын 25 баг цагаан зудтай, харин давхардсан тоогоор 13 сумын 48 баг цагаанаар зудархуу гэж үнэлэгдсэн. Сүүлийн арав хоногт 24 сумын 109 багт явуулсан өвлийн цасны судалгаагаар нийт нутгийн 70 гаруй хувь нь цагаан зудтай буюу цагаанаар зудархуу үнэлгээтэй байгааг тогтоожээ.


Хоёрдугаар сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 23 хувь нь нэн их буюу их эрсдэлтэй, 60 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй гэж гарчээ.


Мал өвөл, хаврын бэлтгэлд хүндэрч болзошгүй сум, багуудад онцгой анхаарахыг зөвлөж байна. Цаг уурын байгууллагын богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглаж, цаг агаар хүндэрсэн үед авах арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангахыг санууллаа.


Сонирхуулахад, өнгөрсөн нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож буй 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрснийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.


Нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын дундаж температур өмнөх жилээс -3.7 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад ч хүйтэн сар болсон гэж тэмдэглэжээ. Агаарын үнэмлэхүй бага температур -30 градусыг давсан өдрийн тоо Завханы Отгон, Баянтэс, Тосонцэнгэл орчмоор 25-31 өдөр, Завханмандал, Цэцэн-Уул, Нөмрөг орчмоор 20-24 өдөр бүртгэгджээ.


 

Холбоотой мэдээ