Warner Bros-ыг худалдаж авах нөхцлөө Paramount илүү тодорхой болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. "Paramount Skydance" компани "Warner Bros Discovery"-г худалдаж авахаар санал болгож буй нөхцлөө улам сайжруулж, илүү тодорхой болгожээ. Тодруулбал, хэлцэл энэ онд хийгдэхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд улирал бүр нэмэлт мөнгөн урамшуулал олгохоор санал болгосон байна. Мөн хэрэв HBO-г эзэмшигч компани гэрээнээс татгалзвал Netflix-д төлөх ёстой хэлцэл цуцлагдсаны нөхөн төлбөрийг хариуцахаа мэдэгджээ.
Хэдийгээр "Paramount" нэгж хувьцаанд санал болгож буй үнээ өсгөөгүй боловч энэхүү шийдвэр нь кино, телевизийн салбарын хамгийн үнэ цэнтэй компанийг эзэмшихийн төлөөх "Netflix"-тэй хийж буй өрсөлдөөнд ялах гэсэн ээлжит оролдлого боллоо.
"Paramount" компани энэ мягмар гарагт мэдэгдэхдээ, хэлцэл батлагдах хүртэлх хугацааны нөхөн олговор болгож хувьцаа эзэмшигчдэд улирал тутам 25 центийн хүлээлгийн урамшууллыг санал болгожээ. Энэ нь 2027 оны эхнээс хэлцэл эцэслэгдэх хүртэл улирал бүр 650 сая орчим ам.долларыг бэлнээр олгоно гэсэн үг юм.
Тус компани нэгж хувьцааг 30 ам.доллароор үнэлж, өр төлбөрийг оролцуулан нийт 108.4 тэрбум ам.доллароор худалдаж авах үндсэн саналаа хэвээр үлдээсэн байна. Гэхдээ "Warner Bros Discovery" компани "Netflix"-тэй байгуулсан 82.7 тэрбум ам.долларын өмнөх хэлцлээсээ татгалзсан тохиолдолд төлөх ёстой 2.8 тэрбум ам.долларын гэрээ цуцлагдсаны нөхөн төлбөрийг "Paramount" бүрэн хариуцах ажээ.
"Netflix" болон "Paramount" компаниудын аль аль нь "Warner Bros"-ын эзэмшилд байдаг "Хаан ширээний тоглоом", "Харри Поттер", "Бэтмэн", "Супермэн" зэрэг дэлхийд алдартай кинонууд, оюуны өмчийг өөрийн болгохыг эрмэлзэж байгаа юм.
Хэрэв хэлцэл амжилттай болбол "CBS" сувгийг эзэмшдэг "Paramount" компани "Warner Bros"-ын телевизийн сүлжээнүүд болох "CNN" болон "TNT"-г өөртөө нэгтгэх бөгөөд эдгээр нь "Discovery Global" нэртэй бие даасан тусдаа компани байх ажээ.