БУЛГАН: Аварга малчин Ц.Мягмаржав хараат хонийг өсгөж үржлийн цөм сүрэг бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн “Улсын аварга малчин өрх” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэд болсон Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн малчин Ц.Мягмаржав, түүний гэргий Б.Лэгзмаа нар шагналаа гардан авлаа.
Улсын аварга малчин Ц.Мягмаржав нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Чандмань эрдэнэ” ХХК-д малчнаар ажиллаж байхдаа жил бүр 100 эх тутмаас 1001-1002 хувийн төл бойжуулж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 1990, 1992 онд сум, компанийн аварга малчнаар хоёр удаа шалгарч байжээ. Улмаар энэхүү амжилтаа бататган ажилласны үр дүнд 1994 онд “Аймгийн сайн малчин” цолоор шагнуулжээ.
Тэрээр 2000 оноос хойш Дашинчилэн сумын Хараат багт суурьшин, 2000-2004 оны ган, зуд болон 2023-2024 оны цагаан зудын хүнд бэрхшээлтэй он жилүүдийг хичээнгүй, цуцалтгүй, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд малын хорогдолгүй даван туулжээ. Үүний үр дүнд 2006 онд “2000-т малчин” болсон бөгөөд эдгээр амжилтаараа 2023 онд “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан байна.
Ц.Мягмаржав аварга өөрийн хадам аав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бадгайн мал маллах арга ухааныг өвлөн авч, нутгийн шилмэл хараат хонийг баяд хуцаар сайжруулан, дотор нь шилэн сонголт хийж “Үржлийн цөм сүрэг” бүрдүүлсэн. Тэрээр 30 гаруй жилийн турш үүлдэрлэг чанар, ашиг шимийг тогтвортой хадгалсан шилдэг малчин юм.
Шагналыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Дашинчилэн сумын Засаг дарга С.Мэнд-Амар нар гардуулан өглөө.










Улаанбаатар
