БУЛГАН: М.Чинбатынх хөрс хамгаалалд суурилсан тогтвортой тариаланг эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган сумын 6-р багийн иргэн Моломын Чинбат болон гэргий Бямбаагийн Энхбаяр нар “Улсын аварга тариаланч” цол хүртлээ.
Улсын аварга тариаланч М.Чинбат нь төрсөн нутаг Бүрэгхангай сумаас газар тариалангийн гараагаа эхлүүлжээ. Улмаар 2004 онд Булган суманд суурьшин, Орхон суманд газар тариалангийн газар эзэмшин өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Нийт 100 га эргэлтийн талбай бүхий аж ахуй эрхэлдэг тэрээр жил бүр 30-50 га талбайд буудай, 10-20 га талбайд тэжээлийн ургамлын үрийн зориулалтаар хошуу буудай, арвай тариалан, арвин ургац хураан авч малчид, тариаланчдад нийлүүлдэг.
Хөрс хамгаалал, үржил шимийг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авах ургацын хэмжээ, чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч, дотоодын “Шимт бор”, “Био ундарга” ХХК-ийн органик био бордоог ашиглан тариалсан талбайгаа жилд 2-3 удаа бордож, нийт 100-150 литр бордоо хэрэглэдэг. Мөн энэ жил 10 га талбайд 60 тонн бууцайн бордоо цацан уриншилсан байна.
Хураан авсан буудайн ургацаа “Улаанбаатар гурил” ХХК-д нийлүүлж, овьёосны үр болон ногоон тэжээлээ нутгийн иргэдэд борлуулан жилд 80-110 сая төгрөгийн орлого олж, 20-30 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна.
Түүнчлэн 2024 оноос сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөж эхэлсэн бөгөөд газар тариалан, мал аж ахуйг хослуулсан жижиг аж ахуй эрхлэх зорилт тавин ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Их Хурлын дэд
дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Булган аймгийн Засаг дарга
Д.Пүрэв-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Булган сумын
Засаг дарга Б.Бямбажаргал, Орхон сумын Засаг дарга Х.Ундрахбаяр, мөн Аймгийн
ИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Т.Баярбат нар гардуулан өглөө.


Улаанбаатар