Сумын цолтнуудын сар шинийн барилдаанд сумын заан А.Тодмагнай түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Билгийн тоолын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болж өндөрлөлөө.
16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан энэхүү барилдаанд 832 бөх зодоглосноос Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан А.Тодмагнай 10 даван түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын заан Б.Золбаяр үзүүрлэв. А.Тодмагнай заан сумын баяр наадамд хоёр түрүүлсэн бол Б.Золбаяр гурван түрүүтэй бөх аж. А.Тодмагнайгийн хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд өчигдөр анх удаа түрүүллээ. Тэрбээр өмнө нь хоёр үзүүр, долоон удаа шөвгөрөөд байсан юм.
Тус барилдааны их шөвөгт Говь-Алтай аймгийн Дарив сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын заан Л.Отгонбаяр, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Б.Цогт нар шалгарсан бол шөвгийн долоо Орхоны М.Цогтгэрэл, Төв аймгийн М.Өсөхбаяр, Завханы Б.Лхагварагчаа нар үлдлээ.


