БАЯНХОНГОР: Ногоон хөгжил, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-11 11:48:50
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Чингэлтэй дүүргийн Засаг даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бүс нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх олон талт хамтын ажиллагааг эхлүүллээ.

Санамж бичгийн хүрээнд талууд ногоон хөгжил, инновацад суурилсан хот байгуулалт, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах бодит төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад анхаарах юм.

Орон нутгийн эдийн засгийг дэмжих хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, иргэдийн бизнесийн санаачилгыг дэмжих, орон нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Санамж бичгийн хэрэгжилтийг талууд харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бодит ажил болгох бөгөөд жил бүр дүгнэн үнэлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгасан байна.
Холбоотой мэдээ